Хосе Мария Мариныг дөрвөн жил хорих ялаар шийтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-23 10:02:27
twitter.com/Nyamkanmk
НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Бразилын Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Хосе Мария Маринд авлига авсан хэргээр АНУ-ын Холбооны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноожээ.

АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн шүүгч Памела Чен өдгөө 86 настай түүнд 3.34 сая долларын хохирол барагдуулах, 1.2 сая долларын торгууль төлөх шийтгэл өгсөн байна.

13 сар хоригдоод байгаа Хосе Мария Марин 2017 оны 12 дугаар сард мөнгө угаах, залилан мэхлэх, бүлэглэн дарамтлах зэрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон юм.

Үүний зэрэгцээ 2015 оны тавдугаар сард Швейцарын цагдаа болон АНУ-ын эрх баригчдын хамтран явуулсан ажиллагааны үеэр  Цюрых хотын зочид буудлаас Олон улсын хөл бөмбөгийн холбооны долоон албан тушаалтныг баривчилсны дунд Хосе Мария Марин байсан ажээ.

"Энэ гайхалтай спортыг авлигад хутган бохирдуулж байгаа хөл бөмбөгийн холбооны албан хаагчид хуулиас дээгүүр биш юм гэдгийг Хосе Мария Маринд оноосон шийтгэл харуулж байна гэж АНУ-ын Нью-Йорк хотын Зүүн дүүргийг хариуцсан прокурор Ричард Донохью мэдэгдэв.

Харин Хосе Мария Марин давж заалдах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
 
Д.Нямтулга
Холбоотой мэдээ