ОАНА -гийн Удирдах болон Техникийн Зөвлөлийн 43 дугаар хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2018-09-03 14:38:07

Тегеран /МОНЦАМЭ/. Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нийслэл Тегеран хотноо Ази Номхон Далайн Орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллага ОАНА-гийн Удирдах Зөвлөл болон Техникийн Зөвлөлийн 43 дугаар хуралдаан эхэллээ.
18 орны 20 агентлагийн төлөөлөгч "Зүүн Азиийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагаанд ОАНА-гийн эзлэх байр суурь", "ОАНА ба орчин үеийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэслүүд" сэдвийн дор мөн ирээдүйд хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Хурлын нээлтийн ажиллагаанд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Соёл ба Хэвлэл Мэдээллийн Исламын Удирдлагын Сайд Саид Аббас Салехи оролцож үг хэллээ. Хуралдаан амжилттай үргэлжилж байна.
Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллага /OANA/ нь 1961 онд ЮНЕСКО-гийн санаачилгаар байгуулагдсан, бүс нутгийн 35 орны 44 мэдээллийн агентлагийг эгнээндээ нэгтгэсэн.
Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 1981 онд OANA-д гишүүнээр элсэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн бөгөөд 2010 онд Турк улсын Истанбул хотноо болсон Ерөнхий Ассамблейн ээлжит хурлаас анх удаа Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 2011 онд Улаанбаатар хотноо Удирдах зөвлөлийн хурлыг амжилттай зохион байгуулж байв. Улмаар 2013 онд Москва хотод болсон хурлаас Удирдах зөвлөлийн гишүүн, 2016 онд Техникийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
МОНЦАМЭ агентлаг нь Ази-Номхон далайн мэдээллийн агентлагуудын байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээ www.oananews.org цахим хуудсанд Монголын тухай мэдээ, мэдээллийг англи, орос хэлээр гэрэл зураг, дуу дүрстэйгээр өдөр бүр оруулж, гишүүн орнуудтай харилцан мэдээлэл солилцож байна.
 

 


Холбоотой мэдээ