Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар АТГ-д хандана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.“Эрс шинэчлэл хөдөлгөөн”-өөс Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Монгол Ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Эрс шинэчлэл хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Энхбат, “С.Баярын Засгийн газрын үед байгуулсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монголын зарим хуулиудыг зөрчсөн. Гэтэл тус гэрээний нөхцөлд тааруулж дөрвөн хуулийг өөрчилсөн байдаг. Өнөөдөр тус гэрээний улмаас Оюутолгойгоос 6 тэрбум ам.долларын баялгийг олборлон экспортолсон боловч манай улс 7 тэрбум ам.долларыг хамтрагч талд төлөөд цаана нь өдөр ирэх тусам өрөнд орж байна. Эдгээрийг нотлох баримтуудаа АТГ-д шалгуулахаар өгнө. Оюутолгой компанид ажилладаг хүмүүст хандаж хэлэхэд, Оюутолгойн тус гэрээг цуцалснаар та бүхний эрх ашиг огтхон ч хөндөгдөхгүй. Харин ч Монгол иргэдэд хүртэх үр өгөөж нэмэгдэнэ. Тус гэрээг цуцлах хүртэл бүхий л арга хэмжээг авна” гэв.
Тэд "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ"-г Монголын талд нэг ч ашиг байхгүй тул, нэн даруй зогсоож, гэрээг шинэчлэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байв.
Тус хөдөлгөөн 2006 онд Айвехоу майнз компанитай Засгийн газрын байгуулсан “Тогтвортой байдлын гэрээ”-г эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулснаар Засгийн газартай хэлэлцээрт орж, уг гэрээг хийх ажлыг цуцлуулж байжээ.
С.Мөнхбаатар