Улаанбаатар хотоос орон нутагтаа ирсэн иргэдийн ар гэрт захидал илгээж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-26 22:55:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас Улаанбаатар хотоос орон нутагтаа ирсэн иргэдийн ар гэрт захидал илгээж байна.


Тус аймгийн Онцгой комиссоос Улаанбаатар хотод байгаа иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж эхлээд байгаа бөгөөд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-нд эхний ээлжийн 45 иргэнийг хүлээн авч гэрийн тулгаарлалтад оруулсан байна. Иргэдээ татан авч эхэлсэнтэй холбоотойгоор тус аймгийн шуурхай штабаас тэдгээр иргэдийн ар гэрийнхэнд коронавируст халдвар түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, гэрийн тусгаарлалтын дэглэмийг чанд сахиснаар ямар ач холбогдолтойг уг захидалд онцгойлон тэмдэглэжээ. Уг захидлыг бүрэн эхээр нь оруулав.


                                                                                  Сайн байна уу?

                                                                   Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Коронавирүсний халдвар дэлхийн 218 улс, бүс нутагт бүртгэгдэж, Монгол төдийгүй дэлхий нийтээрээ цар тахлын нөхцөлд 11 дэх сардаа амьдарч байна. Монгол Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 26-ны байдлаар 1626  хүн өвчилж, үүнээс 1139 хүн эдгэрсэн байна. 

"Ковид-19"  халдварын голомт гарсан нутгаас таны ойр дотны хүн ирлээ. 

Манай улсад гарч байгаа халдварын онцлог нь нэг өвчтэй хүн 4-28 хүнд халдааж, гэр бүлийн болон ажлын газрын хамт олны орчинд өвчлөл их тархаж байгаа тул бид та бүхэнд дараах захидлыг хүргэж байна.

PCR сөрөг гарсан нь шинжилгээ өгсөн тухайн үед нь эрүүл байсан боловч халдвар аваагүй гэдгийг бүрэн батлах боломжгүй үе таарсан байх магадлалтай байдаг учраас  4-14 дэх хоногт дахин шинжилгээгээр илрүүлэх боломжтой тул гэртээ өөрийгөө тусгаарлаж 7 хоногийн дараа дахин шинжилгээ өгч гэрийн ажиглалтаас гарах учиртай. Энэ нь таныг болон таны эргэн тойрны ах, дүү, амраг садан хайртай дотны хүмүүсийг коронавирүсний халдварт өртөн амь нас, эрүүл мэндээ эрсдүүлэхээс сэргийлж байгаа юм.

Коронавирус бол зүгээр нэг хүрээд эдгэрдэг ханиад томуу биш. Энэ халдварт хүүхэд, хөгшид, жирэмсэн эмэгтэй, суурь өвчтэй хүмүүс илүү өртөж, хүндэрч байгаа тул бидний зөвлөмжийг ЗААВАЛ даган биелүүлж хамтран эрүүл мэндээ хамгаалаарай.

1. Халдвар тараахаас сэргийлж гэрээсээ гарахгүй байх, гэртээ зочин урихгүй байх;

2. Хүний ярих, ханиах, найтаах үед ялгарсан шүлсний дусал 2 м хүртэл зайд тархаж, ам, хамар, нүдний салтаар вирүс хүний биед нэвтэрдэг тул гэрийнхэнтэйгээ 1.5-2 метрийн зайд байх, гэртээ байнга амны хаалттай байх, бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх;

3. Агаарт тархсан шүлсний дусал таны ойр орчмын бүхий л зүйл дээр унаж тогтсон байдаг тул гараа сайтар савандаж угааж, халдваргүйжүүлэх, хүний гар хүрдэг болгоныг 2 цаг тутам халдваргүйтгэлийн бодистой чийгтэй алчуураар арчих

4. Хооллох үед амны хаалттай байх боломжгүй тул тусдаа хооллох, зөвхөн өөртөө аяга, халбагатай байх, хоол идсэний дараа аяга, халбагаа өөрөө угааж цэвэрлэх;

5. Гэрийн дотор агаар хөдөлгөөнгүй нөхцөлд хүний амьсгалаар бохирлогдсон байдаг тул гэртээ 2 цаг тутам цонх, салхивч, хаалгаа нээж нэвт агааржуулалт хийх;

6. Сайтар унтаж амрах;

7. Элдэв сөрөг мэдээлэлд автахгүй, тайван стрессгүй байх;

8. Орон сууцанд амьдардаг бол бие зассаны дараа суултуураа таглаж усаа татах, гэрт амьдардаг бол гадуур болон жорлонд орсон гуталтайгаа гэртээ байхгүй байх

9. Өдөрт 2 удаа биеийн халуунаа үзэж, харьяа эрүүл мэндийн байгууллагын  эмчдээ утсаараа мэдээлж байх

10. Хөдөө багт амьдардаг бол өдөрт 1 удаа биеийн байдлын талаар эмчид мэдээлэх;

11. Биед нь ямар нэг зовуурь илэрвэл харьяа Эрүүл мэндийн байгууллагад утсаар мэдэгдэх

                                                               

                                                                    ХЭРВЭЭ ДЭГЛЭМ ЗӨРЧВӨЛ:

Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно. 

                                                                                                             /Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13.2 дахь хэсэг/


                                                     АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ


Связанные новости