Б.Лхамсүрэн: Хорт хавдрыг эрт оношилбол бүрэн эдгэрэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-05 19:12:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Жил бүрийн хоёрдугаар сарын 4-нийг “Хавдрын эсрэг Дэлхийн өдөр”  болгох санаачилгыг НҮБ-аас гаргаснаар  2005 оноос эхлэн тэмдэглэх болсон. Үүнтэй холбоотойгоор Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдар судлалын эмч Б.Лхамсүрэнтэй тус аймгийн хавдрын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, түүнийг эрт илрүүлэх, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцсанаа хүргэе.


-Улсын дундажтай харьцуулахад хавдрын өвчлөл Говь-Алтай аймагт ямар түвшинд байгаа вэ?

-Говь-Алтай аймгийн тухайд хавдрын өвчлөлийг улсын дундажтай харьцуулахад зонхилон тохиолдох хавдрын байрлалаар өөр өөр байдаг. Тухайлбал, зонхилон тохиолдож байгаа хавдрыг байрлалаар нь авч үзвэл хамгийн өндөр хувьтай нь элэгний хавдар байна. Гэхдээ 2017 оноос хойш элэгний хавдрын өвчлөл манай аймагт 0,5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Үүний дараа ходоод, уушги, улаан хоолойн хавдар эзэлдэг. Харин эмэгтэйчүүдэд хөх, умайн хүзүү, эрэгтэйчүүдэд бүдүүн шулуун гэдэсний хавдар зонхилон тохиолдож байна. 


-Говь-Алтай аймгийн хэмжээнд хавдрын нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг хэдэн хүн байна вэ? Тэдгээр иргэдийн эмчилгээ үйлчилгээг хэрхэн хийдэг вэ? 

-Одоогоор аймгийн хэмжээнд 527 хүн хавдрын өвчлөлийн хяналтад байдаг. 2020 онд шинээр 124 тохиолдол бүртгэгдсэн бол хавдрын нас баралт 102 байна. Хавдрын өвчлөлөөр шинээр оношлогдсон иргэдийн 45,9 хувь нь нэг, хоёрдугаар шатандаа, харин 54 хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр шатандаа оношлогдож байна. Хожуу оношлогдсон иргэдэд хөнгөвчлөх эмчилгээ хийдэг. Манай эмнэлгийн тухайд хөнгөвчлөх эмчилгээний 7 ортой. 2020 оны тухайд хөнгөвчлөх эмчилгээнд тасгаар 140 хүн хамрагдсан. Бид зөвхөн тасагт эмчилгээ үйлчилгээ үзүүлдэггүй. Хяналтад байдаг өвчтөнийхөө гэрээр үнэ төлбөргүй хөнгөвчлөх эмчилгээ хийдэг. 

Хорт хавдрын өвчлөл нэг, хоёрдугаар үедээ оношлогдвол төгс эмчлэгдэх бүрэн боломжтой. Манай улсын тухайд оношлогдсон хүмүүсийн 70-80 хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр шатандаа оношлогдож байна. Үүнээс үзвэл эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт ард иргэд идэвх санаачилгатай хамрагдах шаардлагатай юм. Үүнд төр засаг, олон нийтийн байгууллагууд анхаарлаа хандуулж, хамтран ажиллаж чадвал хавдрын өвчлөлийг бууруулах боломжтой. 


-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн тухайд хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх тоног төхөөрөмжийн хангалт хэр байдаг вэ?

-Манай аймгийн тухайд хавдрыг илрүүлэх өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж бүрэн бий. Бүх төрлийн дуран болон тестийн оношлуур хангалттай байдаг. Гэхдээ Нэгдсэн эмнэлэгт хавдрын эрт илрүүлэг шинжилгээнд хамруулах тусгай кабинетийг нарийн мэргэжлийн эмчийг томилвол иргэдэд хүрэх тусламж үйлчилгээний чанар хүртээмж илүү сайжрах нөхцөл бүрдэнэ.


-Хавдар туссан л бол эмчилгээгүй гэх ойлголт байдаг. Эрт үедээ оношлогдвол хавдар эмчлэгдэх боломжтой юу? Хавдрын эмчилгээ, оношилгооны талаар зөвлөгөө өгөхгүй юү?

-Дээр хэлсэнчлэн хавдар 1,2-р шатандаа оношлогдох юм бол бүрэн эмчлэгдэх боломжтой. Манай улс 2012 оноос хойш Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр хөх болон умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэг үзлэгийг тогтмол хийдэг болсон. Мөн “Элэг бүтэн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд иргэд маш идэвхтэй хамрагдаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд манай аймгийн хэмжээнд элэгний эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд иргэд 96 хувьтай хамрагдсан. Иргэд анхан шатны эмнэлэг болон өрх, сум, тосгоныхоо эмнэлэгт урьдчилан сэргийлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдан хэрвээ хавдар илэрвэл дараагийн шатны эмнэлэг, мэргэжлийн эмчид цаг алдалгүй үзүүлэх ёстой. Ингэснээр хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт оношлуулж бүрэн эдгэнэ. Хожуу үедээ оношлогдох тусмаа эдгэх магадлал буурч, амьдрах чадамж багасдаг. Иймд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч хавдрын аль үед байна гэдгээ оношлуулж, түүнд тохирсон эмчилгээг хийлгэх нь чухал юм.


-Зонхилон тохиолддог хавдруудаас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юунд анхаарах ёстой вэ?

-Эдгээр хавдруудаас урьдчилан сэргийлье гэвэл 40-өөс дээш насны хүмүүс жил бүр ямар нэгэн зовуурь илрээгүй ч гэсэн дурангийн шинжилгээнд заавал хамрагдах шаардлагатай. Элэгний хорт хавдраар ихэвчлэн хожуу үедээ буюу 50 наснаас эхлээд оношлогдож байна. Эдгээр хүмүүс 15-20 жил тамхи татчихсан элэгний архаг үрэвсэлтэй болчихсон байдаг. Энэ нь л элэгний хавдар болох үндсэн шалтгаан болж байна. 

Тухайлбал элэгний хавдраас сэргийлэхийн тулд:

-Эрсдэлт бүлэгт хамрагддаг бол зургаан сар тутам ЭХО, элэгний хавдрын маркер өгөх

-Элэгний В вирусний халдварын эсрэг дархлаажуулалт  

-Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах

-Архи, тамхины хэрэглээг бууруулах

Улаан хоолой, ходоодны хавдраас сэргийлэхийн тулд:

-Улаан хоолой ходоодоо дурандуулах

-Хоол хүнсээ зохистой хэрэглэх

-Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон  хэрэглэх,

-Ходоодны хеликобактерийн халдварыг эмчлэх /зөвхөн ходоод/

-Давсны хэрэглээг бууруулах

-Жилд нэг удаа ходоодоо дурандуулах

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд:

-Бэлгийн олон хавьтагчтай байхаас зайлсхийх

-Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхгүй байх /эмчлүүлэх/

-ПАП-ын шинжилгээнд 3 жил тутам хамрагддаг байх

-Эрт буюу 16 наснаас өмнө хүүхэд төрүүлэхгүй байх

-Бэлгийн харьцаанд эрт орохгүй байх

-Хүний хөхөнцөр вирусний эсрэг вакцинд охидоо бэлгийн хавьталд орохоос өмнө хамруулах

-Эрт илрүүлгийн үзлэгт заасан хугацаанд тогтмол хамрагдах

Хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд:

-Хөхөө өөрөө тогтмол шалгах:  Өөрөө шалгаснаар хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх ач холбогдолтой. Хорт хавдрыг хэдий чинээ эрт оношилно эмчилгээний үр дүн төдийчинээ сайн байна.

-45-аас доош насны эмэгтэйчүүд 2 жилд нэг удаа, цаашид жил бүр хөхний зургийг авахуулж хэвийн байдлыг хангах

-Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж, үр хөндүүлэхгүй байх

-Хөхний хорт хавдрын удамтай эмэгтэйчүүд эмчийн хяналтад байх

-Эрт илрүүлгийн үзлэгт заасан хугацаанд тогтмол хамрагдах зайлшгүй шаардлагатай. 

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. 

Связанные новости