“Омбол” ХХК Нэгдсэн эмнэлэгт 10 сая төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-17 19:12:56

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Эм ханган нийлүүлэх “Омбол” ХХК-аас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 10 сая төгрөгийн үнэ бүхий нэг удаагийн эмнэлгийн хэрэгслүүдийг хандивлав.


Хандиваар мэдээ алдуулалтын зүү-1000 ширхэг, сэхээний хэл дарагч - 600 ширхэг, уян зүү -1500 ширхэг, хүчилтөрөгчийн маск-100 ширхэг, парабин эмчилгээний аппарат 2 ширхэг нийт 10 сая төгрөгийн 7 нэр төрлийн хэрэгслийг олгожээ.


"Ковид-19" халдварын цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлгийн байгууллагуудад “Омбол” компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг хандивлаж дэмжлэг үзүүлж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын гуравдугаар шатлалын таван эмнэлэг болох Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хоёрдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ-д мөн л шаардлагатай хэрэгслийг хандивласан тухай “Омбол” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Нямдорж мэдээллээ.


“Омбол” ХХК нь байгуулагдаад 15 жил болж буй бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх ажлыг тасралтгүй явуулж байгаа ажээ. Тус компанийн удирдлагууд Говь-Алтай аймагт төрж өссөн учир ийнхүү төрөлх нутгийнхаа Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай эмнэлгийн нэг удаагийн хэрэгслүүдийг хандивласан байна. “Омбол” ХХК нь Монгол Улсын хэмжээнд эм болон эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг шилдэг таван компанийн нэг юм. 


Связанные новости