Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-02 17:05:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт өнөөдөр болж байна.


Сумын хамтарсан багийн шинэ гишүүдэд хууль эрхзүйн болон гэр бүлд үзүүлэх үйлчилгээний арга зүйн дэмжлэг үзүүлэх, хуулиар хүлээсэн чиг үүргийг таниулах, хамтарсан багийн гишүүдийг нэгдсэн мэдээллээр хангах зорилгоор Есөнбулаг сумын ЗДТГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” ОУБ хамтран зохион байгуулж буй юм.  Сургалтад Есөнбулаг сумын 10 багийн Засаг дарга, ИНХ-ын дарга, нийгмийн ажилтан болон ЕБС-ийн захирал, эмч, цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч, ӨЭМТ-ийн эмч, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Халамжийн байцаагч гээд 100 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Сургалтын эхэнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд хамтарсан багийнхан хэрхэн ажиллах, гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг холбогдох албанаас танилцууллаа.

Мөн хамтарсан багийн гишүүдийн хуулиар хүлээсэн чиг  үүрэг, гэр бүлд чиглэсэн хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх арга зам, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж, хүүхэд хамгааллын бодлого, цаашид анхаарах зарим асуудлын талаар холбогдох албаны сургагч багш нар мэдээ мэдээлэл, заавар зөвлөмжийг онцлон хүргэх юм. 

Есөнбулаг сумын 10 баг тус бүрт хамтарсан баг байдаг. Хамтарсан багийн гишүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн төлөвлөгөө гаргах, хүүхдэд ээлтэй орчин бий болгох, Хууль эрх зүйн орчин зэрэг хэд хэдэн асуудлын талаар багийн гишүүдийг нэгдсэн мэдээлэлтэй болгох зорилгоор уг сургалтыг зохион байгуулж байна хэмээн Есөнбулаг сумын Засаг даргын орлогч Н.Золжаргал танилцууллаа.


Связанные новости