Говь-Алтай аймагт хатуу хөл хорио тогтоохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-04-10 00:46:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын 19 дүгээр хуралдаанаар аймгийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан ч Говь-Алтай аймаг нь ногоон бүс учир хатуу хөл хорио тогтоогоогүй бөгөөд бүх нийтийн бэлэн байлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг дуустал сунгалаа. 

Энэ хугацаанд аймгаас гарах, орох хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана. Сумдын хооронд зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд аймаг, сумдын Онцгой комиссын зөвшөөрлийн дагуу зорчих аж.

Харин голомтод бүс нутгаас аймаг руу хүндэтгэх болон бусад шалтгаанаар иргэдийг нэвтрүүлэхгүй. 

Аймаг доторх хөдөлгөөнийг хязгаарлахгүй, сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 


Связанные новости