Тавантолгойн хувьцааг Хонгконг, Нью-Йоркийн хөрөнгийн биржээр арилжаалах асуудлыг судална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-03 18:52:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Таван толгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааг арилжаалах биржийг сонгох тухай” асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийв.

Тэрбээр, “Засгийн газрын хуралдаанаар УУХҮЯ болон холбогдох байгууллагуудад Тавантолгойн хувьцааг Хонгконг болон Нью-Йоркийн хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах асуудлыг судлан танилцуулах чиглэл өглөө. Хонгконгийн Хөрөнгийн бирж бол манай улстай нэг цагийн бүсчлэлд байдаг. Энэ биржийн гол худалдан авагч бол БНХАУ юм. Харин Нью-Йоркийн Хөрөнгийн бирж бол дэлхийн санхүүгийн төв юм. Ирэх долоо хоногоос дээрх хоёр Хөрөнгийн биржийн удирдлагууд болон тухайн бүс нутгийн банкууд, хөрөнгө оруулагчидтай уулзахаар төлөвлөж байна.

Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол батлах тухай, Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах арга хэмжээний тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэж УИХ-д өргөн барихаар боллоо” хэмээв.

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Дээрх хоёр биржээс өөр газруудыг судалж үзсэн үү?

-Лондон, Торонто, Токиогийн хөрөнгийн биржийг судалж үзсэн. Ингээд хамгийн боломжтой гэсэн хоёр биржээ сонгосон юм.

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг хэзээ сонгох вэ. Хувьцаа эзэмшигчдийн хурал болсон уу?

-Хувьцаа эзэмшигчдийн хурлыг өнгөрсөн сарын 26-нд хуралдуулахаар зарласан ч ирц хүрээгүй. Тиймээс энэ сарын 08-нд дахин хуралдуулахаар зарласан. ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах ажил өнгөрсөн сарын 12-ноос хойш үргэлжилж байна. Одоогоор 20 гаруй хүн өрсөлдөж байгаа.

-Тус компанийн ТУЗ 9 гишүүнтэй байсныг 11 болгон нэмэх талаар ярих болсон. Үүний шалтгаан нь юу вэ?

-ТУЗ-ийн гишүүний тоог компанийн дүрмийн дагуу тогтоодог. Гэхдээ олон улсын стандартыг барих хэрэгтэй. Тиймээс хараат бус гишүүний тоог зайлшгүй нэмэх шаардлагатай хэмээн үзэж байгаа.

-Тавантолгойн ордын нөөцийн судалгааг дахин хийсэн үү?

-Тавантолгойн бүлэг ордын 8 тэрбум тоннын нөөц өсөх магадлалтай гэсэн судалгаа бий. Үүнийг цаашид үргэлжлүүлэн судална.

-Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэж байгаа. Үүнээс үүдэн Монгол улсад ч шатахууны үнэ нэмэгдэж байна. УУХҮЯ энэ чиглэлд ямар бодлого баримталж байна вэ?

-УУХҮЯ-наас газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотой олон шийдвэр гаргадаг. Харин онцгой албан татвараас эхлээд үнийн асуудал Сангийн яаманд харъяалагдаж байгаа. Ер нь АНУ, БНХАУ-ын худалдааны дайн, ОХУ-д тавьсан хориг зэргээс үүдэн дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх хандлагатай байна. Монгол Улс ОХУ-ын “Роснефть” компанитай байгуулсан гэрээний дагуу Сингапурын хөрөнгийн биржийн ханшийн дагуу тохирсон үнээр худалдан авч байна. Миний бие “Роснефть” компанийн удирдлагуудтай уулзсан. Мөн тус компанийн удирдлагууд ч Монгол Улсад ажилласан. Энэ үеэр үнэ ханшийн асуудал бус газрын тосны үйлдвэр байгуулах, газрын тос хайгуул, онгоцны түлш нийлүүлэлт зэрэг асуудлыг багцлан хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн.

Холбоотой мэдээ