Дулааны станцын өргөтгөлийг барина гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-10-10 14:45:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар 2019 онд Сүхбаатар аймагт хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл хийлээ.
“Манай аймгийн хувьд хамгийн тулгамдсан асуудал нь дулааны станц. Ирэх онд хамгийн түрүүнд дулааны станцын өргөтгөлийн ажлыг эхэлнэ. Энэ ажил Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэнэ. Дараагийн чухал ажил бол 1500 айлын орон сууцны ажил. Төсөл амжилттай эхэлсэн ч санхүүжилтийн улмаас 2,3 жилийн хугацаанд зогсонги байдалтай байна. Энэхүү орон сууцны дэд бүтцийг шийдвэрлэх санхүүжилтийг Сангийн яаманд хүргүүлсэн.
Хятадын засгийн газартай хамтрах Бичигт- Баруун-Урт чиглэлийн 272 км засмал замын ажлыг мөн ирэх онд эхлэхээр төлөвлөн ажлын хэсэг байгуулаад байна. Монгол Улсын Засгийн газраас Бичигт-Хөөтийн чиглэлийн төмөр зам, Хөөтийн аж үйлдвэрийн паркыг манай аймагт байгуулахаар хэлэлцэж байна.

Ажил амжилттай эхэлбэл маш том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт болно. Цаашлаад цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, барилга угсралтын ажил, ус цэвэршүүлэх төхөөрөмжийн засвар, шинэчлэл, Баруунт-Урт сумын 960 хүүхдийн суудал бүхий тавдугаар сургуулийн барилга, Эрдэнэцагаан сумын хоёрдугаар дунд сургуулийн барилга угсралтын ажил, хоёр сумын соёлын төв, эмнэлгийн өргөтгөл гээд олон ажлыг хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Тэрээр анх аймгийн Засаг даргын ажлыг хүлээж авсан даруйдаа зогсонги байдалтай байгаа барилга байгууламжийн үйл явцтай танилцаж, ажлыг нь даруй үргэлжүүлэхийг үүрэг болгож байсан. Үүний дагуу Уламжлалт анагаах ухааны эмнэлэг болон Дарьганга зочид буудлын барилгын ажлууд дуусаж байгаа бөгөөд зарим нь энэ онд ашиглалтад орно.

Т.Одончимэг

 

 

Холбоотой мэдээ