Өвлийн оргил ачааллын үед хэрхэн ажиллах талаар сургуулилт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-09 17:55:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвлийн оргил ачааллын үед инженерийн шугам сүлжээнд гарч болзошгүй аваар, саатлыг инженер хангамжийн байгууллагуудын шуурхай ажиллагааны бригадуудын бэлэн байдлыг хангах, дадлага сургуулилт хийв.


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төв дээрх арга хэмжээг зохион байгуулсан юм. Дадлага сургуулилтаар тухайн инженер хангамжийн байгууллагуудын гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, гарч болзошгүй аваар, саатлын үед техник хангамж, нөөцийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, нийслэлийн иргэдийг болзошгүй гамшиг аваар саатал аюулаас урьдчилан сэргийлэхэд чиглэлээр ажиллагаа явуулсан байна. Дадлага сургуулилтад "Улаанбаатар Дулааны сүлжээ”,“Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ”, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ “Ус сувгийн удирдах газар” зэрэг 13 байгууллага оролцлоо.


Агаарын хэм -30, Салхины хурд 4-8 м/с байхад хэрхэн ажиллах вэ гэсэн даалгаварууд өгсөн юм. Тухайлбал  “Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь гэмтлийг зохиомлоор үүсгэн дулааны шугамд даралттай ус шахаж гагнах, хомут тавих зэргээр ажилласан бол  “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ нь автозам, замын байгууламж эвдэхгүйгээр газар доорх хүйтэн усны шугамын шинэ технологиор доторлох ажлыг гүйцэтгэх сургуулилт хийсэн юм. Харин “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ нь хөлдөлт үүссэн барилгыг хэрхэн сэргээх, халаалтгүй болсон айл өрхөд нэг удаагийн газ ашиглан түр халаалт тавив. Мөн хотын гэрэлтүүлгийн хувьд аваарийн үед хэрхэн нэгдэж ажлын талбайг гэрэлтүүлэх гэх мэтчилэн байгууллага тус бүр өөр өөрийн онцлогийг харуулсан ажилбаруудыг хийж гүйцэтгэлээ. 

Холбоотой мэдээ