Тэтгэвэрт гарах хүсэлт өгсөн цэргийн алба хаагчийн тоо 3-5 дахин нэмэгджээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2018-10-11 16:40:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

“Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 5 жилийн цалинг 60 сард хуваан тооцдог байв. УИХ-аас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2018 оны 2 дугаар сард нэмэлт, өөрчлөлт оруулахад Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг мөн өөрчилсөн байна. Ингэхдээ зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, тагнуул, ШШГ зэрэг байгууллагын алба хаагчдын сарын дундаж цалинг 2019 оноос 6 жил буюу 72 сар, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалингийн нийлбэрийн дунджаас тооцохоор болжээ. Энэ нь 2019 оноос тэтгэвэрт гарах алба хаагчдад хохиролтой хэмээн хууль санаачлагч С.Бямбацогт танилцуулав. Тухайлбал, тэтгэвэрт гаруй буй ахмад нэг сард 33512 төгрөг, офицер 48787-70081 төгрөг, ахлах офицер 35831 төгрөгийн алдагал хүлээнэ хэмээн тооцжээ. Тиймээс “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д гэж”, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүн хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, “Засгийн газар ОУВС-тай гэрээ хийхдээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн төслийг өөрчлөхдөө эдийн засаг сэргэсэн үед цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудлыг дордуулсан шийдвэрээ эргэн харна гэж амлалт өгч байсан. Гэтэл үүнийгээ залруулаагүй удсанаас болоод Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт ажиллаж буй мэргэшсэн олон залуус эрт тэгэвэрт гарах, ажлаа хүлээлгэж өгөх хүсэлт өгсөн. Тиймээс УИХ энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай ” гэлээ.

Түүнчлэн гишүүдийн зүгээс ирэх оны нэгдүгээр сараас өмнө тэтгэвэрт гарах хүсэлт өгсөн цэргийн хэдэн албан хаагч байгааг тодруулахад С.Бямбацогт гишүүн, “Монгол Улсын цэргийн алба хаагчдын тоо болон зарим зүйлс нууцийн зэрэглэлтэй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ер нь бол өмнөх жилүүдээс 3-5 дахин нэмэгдсэн” гэсэн хариулт өглөө.

Мөн үер М.Билэгт гишүүн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар энгийн иргэдийн тэтгэврийг ч долоон жилийн цалингийн дунджаар тооцох болсныг дурьдлаа. Тэрбээр зөвхөн цэргийн алба хаагч бус энгийн иргэдийн тэтгэвэр тогтоохтой холбоотой хугацааг ч мөн засварлах шаардлагатай гэсэн санал хэлж байв.

Харин О.Баасанхүү эх орноо батлан хамгаалах тангараг өргөсөн хүн мөнгөний төлөө ажлаа өгч болохгүй хэмээн шүүмжлэв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ