24 автобусны гарцтай шинэ авто вокзал барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-10-11 18:08:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн өмчит “Олон улсын худалдаа логистикийн төв” шинэ бүтээн байгуулалтын нийт 130 га талбайг барьж байгуулах, шинэ авто вокзалын шав тавих ёслол Авто худалдааны цогцолборт өнөөдөр боллоо.


Шав тавих ёслолын арга хэмжээнд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-ийн захирал О.Мөнгөншагай, НИТХ дарга С.Амарсайхан болон холбогдох албаныхан оролцлоо.


 Төмөр замын давуу талаа ашиглан "Нэг бүс нэг зам" санаачлагатай уялдуулсан энэхүү бүтээн байгуулалтын ажил нь логистик терминал карго ачиж буулгах нэгдсэн төвийн бүс буюу үндэсний хэмжээний логистикийн төв болох зорилгоор эхлүүлж буйг албаныхан онцлов. 


Энэ төслийн хүрээнд барих шинэ авто вокзал нь Улаанбаатар хотоос аймаг орон нутаг болон Улаан-Үүд, Эрээн хотын хооронд зорчих зорчигчдод олон улсын жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэх орчин үеийн шилдэг шийдэлтэй төв болох юм байна. Мөн авто машин, сэлбэг хэрэгсэл, бусад барааг ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, тээвэрлэх гаалийн хяналтын бүсийг байгуулахаас гадна 20 автобусны зогсоол бүхий баруун бүс, хот хоорондын автобус терминал ашиглалтанд орох юм. 





Нийслэлийн Засаг дарга  С.Батболд “Авто худалдааны цогцолборт нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, гаалийн бүрдүүлэлт хийх, импортоор орж ирсэн тээврийн хэрэгслүүдийг бүртгэх, гэрчилгээ, дугаар олгох зэрэг үйл ажиллагааг энд төвлөрүүлж, иргэдэд түргэн шуурхай үйлчлэхэд Автотээврийн үндэсний төв чухал үүрэг гүйцэтгэж байгаа” хэмээн онцлов. 
Харин Автотээврийн төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран хэлэхдээ, “Ирээдүйн хөгжлөө тодорхойлсон энэхүү бүтээн байгуулалтыг хийж, хэрэгжүүлж буй нь тээврийн салбарт ихээхэн ач холбогдолтой ажил болж байна. Тус логистикийн төвийн хэтийн зорилгыг зөв тодорхойлсноор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлж, олон улсын худалдаа логистик, ая тухтай орчин бүрдсэн олон улсын тээврийн сүлжээг  байгуулах гол зангилаа болно гэж найдаж байна. Олон улсын ачаа тээврийн энэхүү төв нь олон улсын транзит тээвэрт чухал үүрэг гүйцэтгэхээс гадна зорчигч тээврийн төвүүдийг төвлөрүүлэхэд чухал ач холбогдолтой” гэлээ. 
Шинээр байгуулагдах тус автовокзалд тийз борлуулах үйлчилгээг дотоодын болон гадны аялагч, жуулчдад хялбар хүргэх үүднээс бүрэн автомат онлайн худалдааны сүлжээг нэвтрүүлж, Зорчигч тээврийн маршрут болон цагийн хуваарь нь ухаалаг програмаар зохицуулагдаж авто вокзал дээр түгжрэл, давхардлыг үүсгэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх аж. Нийт 24 автобусны гарцтай байх шинэ Авто Вокзалын нийт талбай 4200 метр квадрат байх бөгөөд том танхим нь 2200 метр квадрат худалдаа үйлчилгээний хэсэг  2000 метр квадрат талбайтай байхаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ