20 гаруй рашаан, булгийн эхийг хамгаалах шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-17 20:52:52

Завхан/МОНЦАМЭ/.Завхан дахь Завхан гол Хяргас нуурын сав газраас Завханы Шилүүстэй, Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут зэрэг 19 суманд усны тоо бүртгэлийн ажлыг 9-р сарын 10-аас 27-ныг хүртэл хийжээ.

Энэ үеэр нийт 521 булаг тоологдсоноос байнгын урсацтай 464 булаг бүртгэгджээ. Харин 56 булаг ширгэсэн, хашиж хамгаалах шаардлагатай 11 булаг, хамгаалагдсан 36 булаг байна. Мөн 21 рашаан, 193 гол горхи, 139 нуур тойром 664 худаг бүртгэгджээ. Үүнээс зургаан гол горхи, 9 нуур ширгэсэн, байнгын урсацтай 178 гол горхи, тасарсан 9 гол горхи бүртгэгджээ. Завхан аймгийн хэмжээнд 259 гар худаг байна.

Рашааны эхийг хашиж хамгаалах ажлыг сүүлийн жилүүдэд эрчимтэй хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар найман рашааны эхийг хашиж хамгаалсан бөгөөд цаашид 13 рашааны эхийг хашиж хамгаалах шаардлагатай байна. Жишээлбэл Улиастай сумын Чигэстэй багт байрлах ахмадын булгийг 2015 онд анх аймгийн БОАЖГ тохижуулсан байдаг. Үүнээс хойш үргэлжлүүлэн Хяргас нуур Завхан голын сав газар хариуцан тус булгийн эхийн хашиж хамгаалсан хэсгийг тохижуулж байна. Ер нь манай иргэд рашаан, булаг шандын эхийг хамгаалах, хамгаалагдсан газар хогоо хаяхгүй байх, байгаль эх дэлхийтэйгээ зүй зохистой харьцаж гол усандаа ч хог хаягдлаа хаяхгүй байхыг хүсч байна хэмээн Завхан гол Хяргас нуурын сав газраас мэдээлэв. Одоогоор сав газрын хэмжээнд усны тоо бүртгэлийн ажил 80 хувьтай байна.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ