Баян-Өлгий аймгийн зарим онцлог хөшөө дурсгалууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-10-17 16:25:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ард иргэдийн соёл, урлаг болон зарим түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий зарим хөшөөнүүдийн товч танилцуулгыг хүргэж байна.

 


1.Ц.Хасбаатар, К.Байкалов нарын дурсгалт хөшөө. Толбо сумын төвд байгаа дурсгалт хөшөөг 1921 онд болсон Толбо нуурын тулалдаанд цагаантны 3000 орчим цэргийн 43 хоногийн бүслэлтийг монголчуудын ялалтаар өндөрлүүлсэн дээрх хоёр цэргийн жанжны гавьяа болон Монгол, Оросын ард түмний найрамдалт харилцааг алдаршуулах зорилгоор босгожээ. Хөшөөний  загварыг Зөвлөлт Холбоот Улсын архитектор В.В.Казаринов, уран барималч К.Г.Чумичёв нар 1981 онд Барнаул хотод хийж, 1984 оны намар суурилуулж байжээ.

Холбогдох санхүүжилтийг тухайн үеийн Зөвлөлт-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Ф.С.Торхов шийдвэрлэсэн бөгөөд 2017 онд Толбо сум байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж дээрх хөшөөг нутгийн иргэдийн санаачилгаар сэргээн засварлажээ.

 


2.Эв нэгдлийн цогцолбор. Тус цогцолборыг УИХ-ын гишүүн асан А.Тилейханы санаачилгаар 2010 онд Өлгий хотод М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын өмнөх "Эрх чөлөөний талбай"-д «Хасу Мегават» компани сүндэрлүүлэн босгожээ. Далавчаа дэлгэн дэвж байгаа цармын бүргэдийн хөшөө нь Баян-Өлгий аймгийн ард түмний эв нэгдэл, эр зориг, хүч чадлыг  бэлгэддэг.   


 

3.М.Икей баатрын хөшөө. М. Икей нь 1939 онд Халхын голын байлдаанд зургадугаар морьт хорооны дөрөвдүгээр сумангийн дарга байж, дайсны давуу хүчийн эсрэг тулалдаанд эрэлхэгээр тулалдаж амь эрсэдсэн ажээ.

Монгол Улсын баатар Л.Дандарын дурсан ярьснаар, М.Икей нэгэн тулалдааны үеэр баруун гараа буудуулан хүнд шархдаж, гэдсээ 16 метр газар хүртэл чирч, эцсийн амьсгалаа хураатлаа ухралгүй байлдсан гэдэг. Түүний эх орноо харийн дайснаас хамгаалах үйлсэд байгуулсан гавьяаг нь Монголын төр өндрөөр үнэлж, 1979 онд "Улсын баатар" цолоор нэхэн шагнажээ. 1991 онд Өлгий сумын нэгдүгээр бүрэн дунд сургуулийн өмнө түүний сүрлэг хөшөөг босгосон байна.

Хөшөөг Монгол Улсын Төрийн шагналт, уран барималч Ц.Амгалан урлажээ. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 193 тоот тогтоолоор тухайн сургуулийг М.Икей баатрын нэрэмжит болгов. 


 

4.Монгол Улсын баатар Д.Намнангийн хөшөө. Уг хөшөөг уран барималч Х.Болдбаатар урлаж, 2017 онд Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 84 жилийн ойг тохиолдуулан тус аймаг дахь Цэргийн гавьяаны улаан тугийн одонт хилийн цэргийн 0165 дугаар анги дээр босгожээ.

 Улсын баатар Д.Намнан 1943 оны долдугаар сарын 30-нд Шарговийн бага даваанд Хятадын дээрэмчидтэй болсон тулалдаанд гарамгай гавьяа байгуулж, эрэлхэгээр амь үрэгдсэн аж. Түүний баатарлаг гавьяаг нь үнэлж Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн  1983 оны 135 тоот тогтоолоор "Монгол Улсын Баатар" цолыг нэхэн олгосон байна.

Мөн 2015 онд Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хилийн 0165 дугаар ангийг түүний нэрэмжит болгосон байдаг.

 


5."Бүргэдчин" хөшөө. Орчин цагт зэрлэг махчин шувуудыг гаршуулж, ан авлах уламжлалаа хадгалж үлдсэн хоёрхон үндэстний нэг нь Монголын казахууд, нөгөөдөх нь киргиз үндэстэн юм.

Монгол дахь казахууд бүргэдийг голлодог бөгөөд 2010 онд бүргэдээр ан хийх зан үйлийг ЮНЕСКО-д «дэлхийн соёлын биет бус өв»-өөр бүртгүүлсэн байдаг. Мөн сүүлийн жилүүдэд бүргэдээр ан хийх урлагийг үзэж сонирхохоор гадаадын хэдэн мянган жуулчин манай улсын зорин ирдэг болжээ.

Иймд казахын ард түмний тухайн өвөрмөц соёлын өвийг сурталчлан таниулах, алдаршуулах зорилгоор 2016 онд "Бүргэдчин" хөшөөг УИХ-ын гишүүн асан А.Бакейн санаачилгаар Өлгий хотод аймгийн ЗДТГ-ын байрны урд босгосон байна. Хөшөөний загвар зургийг зураач А.Нурдыхан гаргажээ.


 

6. Хожаберген баатрын морьт хөшөө. Казахын ард түмний Керей аймаг, Шыбарайгыр омгоос гаралтай цэргийн нэрт жанжин Жанибекийн Хожаберген баатрын морьт хөшөөг түүний мэндэлсний 320 жилийн ойг тохиолдуулан 2018 онд босгосон.

Хожабергений тухай хэлэхэд, Монголын ард түмний 1755-1758 оны Манж чин гүрний эсрэг болсон тэмцлийн удирдагч Амарсанаагийн дотнын найз, түүнтэй хамт Манж Чин Улсын эсрэг байлдаж байсан хүн аж. Хөшөөний загвар зургийг барилгын инженер С.Асылхан, А.Азимбай нар гаргаж, баримлыг "Түмэн хишигтэн" компани хүрлээр цутгаж хийсэн ажээ.

Уг хөшөө нь ирээдүйн цогцолбор хөшөөний эхний хэсэг юм. Ирэх жилүүдээс тус хөшөөний дэргэд Амарсанаа баатрын морьт хөшөөг босгож, "Найрамдлын цогцолбор хөшөө"-г цогцлон бүтээх ажээ.

 


7.И.Очиржавын морьт хөшөө. 2015 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан тус сумын ЗДТГ-ын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд ард иргэдийн хандиваар босгожээ. Хөшөөг зураач, барималч П.Дэлгэрсайхан хүрлээр цутган урласан байна.

Алтайн Урианхайн долоон хошууны дунд Шар да хэмээн алдаршсан Очиржав 1875 онд хошуу ноён Идамжавын нуган үр болон одоогийн Цэнгэл сумын нутаг Сыралы хэмээх газарт хорвоод мэндэлжээ. Тэрээр, 1894 онд 19-хэн насандаа эцгийнхээ орыг залгамжилж хошуу ноён болжээ.

1913 онд Богд хаант Монгол Улсын засаг улсад туслагч гүн ноёноор томилогдсон байна. 1917 онд таалал төгсөх хүртлээ 23 жил хошуугаа захиран ноён сууж, тувагийн ард түмний түүх, соёл, уламжлалаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, бурхан шашныг дэлгэрүүлэх үйлсэд нөр их хөдөлмөрөө шингээсэн гавьяатан ажээ.

 


8.Т.Абдигажы зааны бор чулуу. Монгол Улсын улам нэмэх заан Т.Абдигажын 1946 онд өргөсөн 306 кг жинтэй чулууг түүний төрсөн нутаг болох Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд 2006 онд дурсгалт самбарын хамт мөнхөлсөн байдаг.

Т.Абдигажы нь 1946 онд улсын их баяр наадамд  зургаа давж, улсын заан хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн бөгөөд тус аймгаас төрөн гарсан цорын ганц заан цолтой бөх юм. Тэрээр сумын наадамд зургаан жил дараалан, аймгийн наадамд нэг удаа түрүүлсэн хүчтэн байжээ.  


Ө.Нурболат

Холбоотой мэдээ