БОАЖЯ-наас утаа бууруулах төсвийн задаргааг урт, богино хугацаагаар хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-10-17 17:11:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын мэдээлснээр нийслэлийн агаарын бохирдол буюу утааг шийдэх аргыг тэрээр урт болон ойрын хугацааны гэж  хуваажээ.

Урт хугацааны шийдэлд Нийслэлийн утааны 80 хувийг “үйлдвэрлэгч” гэр хорооллын 220 мянган өрхийг орон сууцжуулахад 3.3 их наяд төгрөг бөгөөд 5-10 жил шаардлагатай. Дээрх тооцоогоор нэг өрхөд орон сууцны урьдчилгаа олгоход 15 сая төгрөг ногдож буй аж. Урт хугацааны шийдлийн дараагийн нэг арга нь гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдэх энд нийтдээ 2.8 их наяд төгрөг,  4-5 жилийн хугацаа орно. Гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдэхэд нэг өрх айлд 13 сая төгрөг ногдож буй аж.

Тэгвэл утаа бууруулах ойрын хугацааны шийдлүүдийн нэг болох гэр хороолын 120 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангахад 54.7 тэрбум төгрөгийн татаасыг улсаас гаргаж үйлдвэрлэгчдэд өгөх тооцоо гарсан бөгөөд үүнд 2 жилийн хугацаа шаардана. Утаа сааруулах дараагийн нэг шийдэл нь 100 өрхийг бүрэн шаталтат индукцийн төхөөрөмжөөр хангаж айл өрхийн янданд суурилуулж тавихад нийт 54 тэрбум төгрөг шаардагдах нь. Үүнийг нэг жилийн хугацаанд хийх юм. Тэгвэл 54 тэрбум төгрөгөөр юу хийж болох талаарх тооцоог БОАЖЯ-наас бас тооцжээ. Үүнд 900 айлын орон сууц барьж, 4000 айлын орон сууцны урьдчилгаа лизинг төлөх дүн гарсан байна. 

Тодруулга: Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийг дурдвал 80 хувийг гэр хорооллын 220 мянган өрх, 10 хувийг 331 мянган тээврийн хэрэгсэл (72 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай), 6 хувийг жилд 5.1 сая тонн нүүрс шатааж буй гурван ДЦС, 4 хувийг хөрснөөс дэгдэх тоос, хог хаягдлын шаталт үнс, барилга барих, карьер зэрэг бусад эх үүсвэрүүд эзэлж байна.


Б.Болд

 

Холбоотой мэдээ