Эрх зүйн гэрээ байгуулаагүйн улмаас гадаадад даалгавар биелүүлэхэд хүндрэлтэй байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-10-23 16:12:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх УЕП-ын мэдээллийг сонслоо.

УЕПГ-аас Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах хүрээлэнг шинээр байгуулж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийн судалгаа, Монгол Улсад бүртгэгдэж буй гэмт хэргийн гаралт, шалтгаан, нөхцлийн судалгаа, Хүн амын дундах амиа хорлолтын суурь судалгааг хийсэн гэдгийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан мэдээллийнхээ эхэнд онцлов.

Хүн амын дундах амиа хорлолтын суурь судалгаанд үндэслэн Засгийн газар, ХЗДХЯ-нд цаашид авч хэрэгжүүлэх ажлын саналыг хүргүүлж, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх ажлын хэсэг байгуулсан байна. Мөн гадаад улсуудад эрхзүйн туслалцааны 18 хүсэлт хүргүүлсэн бөгөөд үүний дийлэнхийг авлигал, албан тушаалын болон бусдыг залилан мэхлэх, цахим халдлагад өртсөний улмаас гадаадад их хэмжээний мөнгө шилжүүлсэн зэрэг хэрэг эзэлжээ. АТГ-аас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй авлигал, албан тушаалын зарим хэрэг гадаад улсад буюу оффшор бүсэд байршуулсан хөрөнгө, мөнгийг Монгол Улсад эгүүлэн авах ажлын хүрээнд хэд хэдэн улсад эрх зүйн туслалцааны хүсэлт илгээсэн байна. Гэхдээ зарим оронтой эрх зүйн гэрээ огт байгуулаагүй тул гадаадад даалгавар биелүүлэх боломж төдийлөн бүрдэхгүй байгаа аж. Тиймээс УЕПГ-аас Засгийн газарт яаралтай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулах шаардлагатай улсуудын жагсаалтыг хүргүүлсэн гэдгийг Ерөнхий прокурор цохон тэмдэглээд, “Улсын хэмжээнд зарим гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, шалтгаан нөхцлийг шалгасан. Түүхийн үнэт өвийг иргэд дамлан наймаалах байдал түгээмэл байна. Тиймээс Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг иргэдэд сурталчилах, иргэд, байгууллагуудын эзэмшилж байгаа соёлын өвийг бүртгэлжүүлэх, үнэлгээжүүлэх ажлын зохион байгууллаа. Мансуурах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэлийн бодисийн найрлага, шинж чанарыг тодорхойлох орчин үеийн лабораторийг ШШҮХ-нд байгуулах зорилгоор ХЗДХ-ийн сайдад албан бичиг хүргүүллээ. Мөн бусад гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцлийн талаар байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн” хэмээв.

Мэдээллийн дараа гишүүд асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд, “С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн захиалагчтай холбогдох асуудал өнөөг хүртэл нийгэмд эргэлзээ үүсгэсэн хэвээр байна. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажил ямар шатандаа явна вэ” хэмээн тодруулав.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, “С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр гурван хүнийг яллах талаар шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Гэхдээ С.Зориг агсны гэргий Б.Булганы дээрх хэрэгтэй холбоотой госдол гаргасны дагуу хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна" гэлээ.

Мөн Л.Энхболд гишүүн оффшор бүсэд данс эзэмшиж буй этгээдүүдэд хариуцлага тооцох, хөрөнгийг Монголд эгүүлэн татах ажил ямар шатанд байгааг асуухад, “Одоогоор иргэн Д оффшор бүст байсан хөрөнгөө оруулж ирсэн. Бусад хүмүүсийн мөнгийг Монголд татах асуудлаар тухайн орнуудынх нь хууль, хяналтын байгууллагуудад хүсэлтээ хүргүүлсэн” гэв.

Түүнчлэн Б.Дэлгэрсайхан гишүүн, “Намайг оффшор бүсэд данс эзэмшссэн хэмээн шалгаж байгаа. Гадны оронд данс эзэмшиж буй иргэдэд ямар тохиолдолд хариуцлага хүлээлгэх вэ” гэлээ.

М.Энх-Амгалан прокурор, “Гадаад улсын банкинд данстай байх нь хууль зөрчсөн үйлдэл биш. Харин бүртгэлгүй дансанд хөрөнгө байршуулах, татвараас зайлсхийсэн тохиолдолд л хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн тайлбар өглөө.

Ийнхүү асуулт асууж, хариултын дараагаар Улсын Ерөнхий прокурорын мэдээллийг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсох шаардлагатай эсэх талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ