“Эрүүл зөв хоолыг эрхэмлэгч хүнс, хоол үйлдвэрлэгч байгууллага” гурван сарын аян эхэллээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-11-06 16:16:52

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Тогооч нарын холбоо, Дархан хотод хоол хүнсний чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, ресторан зоогийн газрууд хамтран эрүүл зөв хоолыг эрхэмлэгч байгууллага аяныг өрнүүлэхээр болжээ. Тус аян гурван сарын турш үргэлжлэх аж.

Аяны зорилго нь хүн амын дунд түгээмэл тохиолдож байгаа халдварт бус өвчлөлийг эрүүл зөв хооллолтын тусламжтайгаар бууруулах, зохицуулалттай хүнсний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэжээ.

Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл болох эрүүл хүнс, эрүүл зөв хооллолтыг дэмжих хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудын зохицуулах үйлчилгээтэй хүнс, хоолны меню, илчлэг ккал тусгасан өөх, тос, давс сахарын агууламжийг стандарт доод хэмжээнд барих бодлогыг дэмжсэн байгууллагуудын сайн туршлагыг бусдад түгээн дэлгэрүүлэх, шалгаруулахад тус аяны гол зорилго оршиж байгааг зохион байгуулагчид хэлж байлаа.

Аянд аймгийн тогооч нарын холбооноос гадна Дархан компорт цогцолбор, Модерн номадс, Дархан хүнс, Маргад өргөө Эм Би Эм ресторан, Газар буудай зэрэг хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд оролцож байна. Тэдний зүгээс зохицуулалттай хүнсийг өргөнөөр үйлдвэрлэх, өөрсдийн хоолны цэсэнд эрүүл мэндийг дэмжсэн, илчлэг багатай эрүүл зөв хоолны цэсийг нэмж өгөх гэх мэтчилэн олон үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллах аж.

Иргэдийн хоол, хүнсний зөв хэрэглээгээр дамжуулан халдварт бус өвчлөлийг бууруулахад салбар дундын хамтын ажиллагаа чухал гэдгийг Дархан-Уул аймгийн ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга  С.Энхжаргал хэлж байлаа.

Аяны хүрээнд оролцогч байгууллагууд хоолны цэсэндээ тусгайлан зохицуулалттай хоолны болон чихрийн шижинтэй хүмүүст зориулсан цэсийг бий болгосон байх аж.

Энэхүү аяны хүрээнд зохицуулах үйлчилгээтэй хоол хүнсний талаар сургалт өдөрлөг зохион байгуулах, эрүүл мэндийг дэмжигч байгууллагыг шалгаруулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар тусгасан аж.

Зохион байгуулагчдын зүгээс эрүүл зөв хооллолтыг дэмжих тус аянд хоол, хүсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ыг идэвхитэй оролцохыг уриалж байлаа.

 

 

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ