“Монголжингоо-2018” тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-10 19:51:38


   Увс /МОНЦАМЭ/. Монгол бахархлын өдөр, их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ойг тохиолдуулан Хяргас сумын “Ирээдүй цэцэрлэгээс сумын ИТХ, ЗДТГ-тайгаа хамтран “Монголжингоо-2018 тэмцээнийг энэ сарын 8-нд зохион байгуулсан байна.

Энэхүү тэмцээнд 2-5 насны 107 хүүхэд хамрагдаж, үндэснийхээ дээл хувцсаар гоён, ардын зан заншил уламжлалыг харуулсан урлагийн үзүүлбэрүүдийг сонирхуулжээ. “Монголжингоо-2018” уралдааныг тус хүүхдүүдийн эцэг эхчүүд үзэж сонирхсон бөгөөд тэд монгол үндэсний хувцсаараа гоёж, идэвх санаачлагатай оролцсон байна. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын баярыг тохиолдуулан Хяргас сумынхан энэхүү арга хэмжээг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа нь энэ аж.

“Манай сумын цэцэрлэгээс зохион байгуулж байгаа “Монголжингоо-2018 тэмцээний гол зорилго нь хүүхдийг улс эх орноороо бахархах сэдэл тэмүүлэлтэй болгон, хоорондоо эв нэгдэлтэй байж, анги хамт олноороо нэгдэж үр дүнд хүрэх сэтгэлгээг төлөвшүүлэн, монгол үндэсний хувцсаар гоёх, түүнийг сурталчлан таниулах үйлсэд хувь нэмэр оруулах зэрэг тал бүрийн ач холбогдолтой юм. Энэ ч утгаараа цэцэрлэгийн багачууд нэгэн өдрийг үндэсний өв уламжлал, соёл түүхээ танин мэдэх, өвлөн үлдэх, бахархах сэдлээр дүүрэн өнгөрүүллээ” хэмээн тус сумын Засаг дарга Б.Цэвээнравдан хэллээ.

 

 

Холбоотой мэдээ