“Увсын хөгжилд залуучуудын оролцоо” эрдэм шинжилгээний бага хурал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-12 14:44:52


   Увс /МОНЦАМЭ/. Аймгийн залуучуудын өмнө тулгамдсан асуудал, аймаг орны хөгжилд залуу хүн бүрийн оролцоо ямар түвшинд байгаа, гарц шийдлийг нь тодорхойлох, энэ асуудлаар залуусын дуу хоолой, үзэл бодлыг сонсох зорилгоор Увсын хөгжилд залуучуудын оролцоо” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна.

Уг хурлаар залуучуудын амьдралд тулгамдаж буй асуудал, хүчин зүйлсийн нөлөөллийг салбар бүрээр нь судлаж гаргасан тоо баримт судалгаанд үндэслэн хөгжлийн үйлчилгээ үзүүлэх жишиг загварыг бий болгох юм байна. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас аймгийн ЗДТГ, Монголын Залуучуудын холбооны Увс аймаг дахь салбартай хамтран "Увсын хөгжилд залуучуудын оролцоо" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг хийх гэж байгаа ажээ. Эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд  залуучуудын эрүүл мэнд боловсрол, хөдөлмөр эрхлэлт, оролцоо манлайлал, аюулгүй амьдрах хөгжих орчин зэрэг сэдвээс сонгон илтгэл бичих аж. Илтгэлийг энэ сарын 27-ыг хүртэл хүлээж авах бөгөөд оролцох хүмүүсийн хувьд их дээд сургууль, коллеж, ЕБС-ийн багш нар, судалгаа шинжилгээний ажилтан, судлаачид, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуудаг төрийн болон төрийн бус байгууллагууд, нийгмийн болон бусад салбарын ажилтнууд ганцаарчилсан болон багаараа илтгэл бичиж оролцох боломжтой байна.

Увс аймгийн нийт хүн амын 37.2 хувийг 15-35 насны залуус эзэлж байгаа. Өнөөдөр залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх, залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлж, бүтээлч эерэг хандлагаа сайжруулах, улмаар улс орны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах бүтээлч оюунлаг чадамжтай иргэдийг төлөвшүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Иймээс “Увсын хөгжилд залуучуудын оролцоо” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах гэж байна” хэмээн аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Ариунаа хэллээ.

 

Холбоотой мэдээ