ЕХ-ны гишүүн орнууд бүгд Brexit-ийн гэрээний төслийг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-20 13:25:22
БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнд үлдэж буй 27 орон бүгдээрээ Их Британийг тус холбооноос гарах асуудлаарх /Brexit/ гэрээний төслийг дэмжсэн байна. Энэ тухай Brexit-ийн асуудлаар ЕХ-ны гол хэлэлцэгч Мишель Барнье даваа гарагт болсон Зөвлөлийн хурлын дараа сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

“Сайд нар бүгд дэмжсэн энэ бол шударга төсөл” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Тэрбээр мөн 2019 оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэх Brexit-ийн дараах шилжилтийн үеийг хэдий хугацаанд даван туулах асуудал одоогоор шийдэгдээгүй хэвээр байгаа болохыг цохон тэмдэглэжээ.

“Бид дахин хэлэлцэх хэрэгтэй. Шилжилтийн үеийг нэг удаа даван туулж магадгүй гэдэг шийдвэрийг бид гаргасан боловч хэр удаан үргэлжлэхийг тодорхойлох ёстой. Үүнийг бид энэ долоо хоногт тодорхойлж чадна гэж найдаж байна” гэж Барнье онцлон дурдсан байна.

Гэрээний төсөлд заасны дагуу, 2019 оны гуравдугаар сарын 29-нд Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарсан мөчөөс эхэлж, 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ гэж үзэж байгаа шилжилтийн үед Их Британи ЕХ-ны бүх дүрэм журмыг даган мөрдөх ёстой юм.
Холбоотой мэдээ