Аймгийн Засаг даргын ажлыг хангалттай гэж дүгнэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-12-06 10:16:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит долоодугаар хуралдаан 100 хувийн ирцтэй болж байна. Тус хуралдаанаар аймгийн засаг даргын 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, нийт төлөөлөгчдийн 87,8 хувийн саналаар хангалттай гэж дүгнэлээ.

Аймгийн засаг дарга үйл ажиллагааны тайлангаа танилцуулсны дараа ИТХ дахь МАН-ын бүлэг түүний ажлыг хангалттай сайн гэж үнэлсэн бол АН-ын бүлэг ажилласан хугацаа нь богино учир ажлыг нь дүгнэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байсан юм. Орон нутгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд Засаг даргын үйл ажиллагааны тайлантай танилцсан л бол заавал дүгнэлт өгөх ёстой гэдэг саналыг Аудитын газрын дарга М.Нарантуяа хэлснээр төлөөлөгчдийн дунд санал хураалт явагдаж, улмаар засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойшхи үйл ажиллагааны тайланг дүгнэжээ.

Мөн АН-ын бүлгийн зүгээс 2020 онд МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм. Харин аймгийн засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг дэмжиж, цаашид хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв.

Дашрамд дурдахад Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар нь 2018 оны 06 дугаар сард ажлаа хүлээн авсан бөгөөд хагас жил ажиллаж байгаа билээ.

Ээлжит хуралдаанаар аймгийн засаг даргын үйл ажиллагааны тайлангаас гадна аймгийн Нийгэм эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2019 оны зорилт, аймгийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны төсвийн төсөл, Хар ямаатын байгалийн нөөц газрын менежментийн төлөвлөгөөний тайлан, 2019-2023 оны төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ