Цусны ерөнхий шинжилгээний хариуг 23 үзүүлэлтээр нэг минутын дотор гаргана

Монголын мэдээ | Нийгэм
ariunzaya@montsame.mn
2018-12-07 15:49:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, БЗД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч П.Төмөрхуяг нарын санаачлагаар Баянзүрх дүүргийн 16-р хорооны “Насан урт” өрхийн эрүүл мэндийн төвд биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авах боломжтой иж бүрэн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. Ингэснээр биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг анхны өрхийн эрүүл мэндийн төв болж байгаа юм.

Уг тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар цусны ерөнхий шинжилгээний хариуг 23 үзүүлэлтээр нэг минутын дотор гаргах боломжтой болж буй аж. Мөн биохимийн автомат анализатор нь хамгийн сүүлийн үеийн LED технологийг нэвтрүүлсэн элэг, цөс, нойр булчирхай, зүрх судас, бөөр зэрэг дотор эрхтний үйл ажилллагааг дүгнэх боломжтой юм байна. "Насан урт" өрхийн эрүүл мэндийн төв нь тус хорооны 25490 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж. Өнөөдрөөс эхлэн иргэд биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ өгөхийн тулд заавал хоёр дахь шатлалын буюу дүүргийн эмнэлэг рүү явах шаардлагагүй боллоо.


Холбоотой мэдээ