Усан бассейны тоног төхөөрөмжийн угсралтыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-12-12 14:12:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй усан спорт, чийрэгжүүлэлтийн төв өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна. Улсын комисс болон аймаг орон нутгийн удирдлагаар ахлуулсан ажлын хэсэг хэд хэдэн удаа ажиллаж, тодорхой үүрэг чиглэлийг өгсөөр өдий хүрсэн. Тэгвэл тус төвийн тоног төхөөрөмжийн угсралт болон тохижилтын ажлууд хийгдэж эхэлжээ.


Барилгыг энэ ондоо багтаан хүлээлгэн өгч, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Барилгын хувьд бүрэн дуусч, халаалт дулаанаа авсан, халуун хүйтэн ус ирсэн. Усан бассейны угсралт дууссан, зоорийн давхарт тоног төхөөрөмжүүд угсрагдсан, сангаа усаар дүүргэх, эргүүлэн шахах ажлууд хийгдэж байна. Ерөнхийдөө бассейн бүрэн хүчин чадлаараа ажиллахад бэлэн болсон. Гэхдээ моторын үйл ажиллагаа жигдэртэл туршилт хийх хугацаа шаардлагатай. Үүний дараагаар усаа хлоржуулж, цэвэршүүлэх ажил хийгдэх ёстой. Ажил гүйцэтгэгч компани шаардагдах бичиг баримтаа цэгцлээд яамруу явуулчихвал оноос өмнө барилгыг улсын комисс хүлээж аваад, тууз хайчлах үйл ажиллагааг хийх болов уу гэж бодож байна. Барилгын тохижилтын ажлууд хийгдээгүй байгаа тул үүнд мөн тодорхой хугацаа орно. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошууны Шилийн гол аймгаас хоёр сая юаны буцалтгүй тусламжийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмж, тохижилтын хэрэгслүүд эхнээсээ ирсэн. Засвар болон угсралтын ажлууд эхлээд явж байна.” гэх мэдээллийг аймгийн БТСГ-ын мэргэжилтэн Ч.Энхтөр өглөө.

Усан спорт чийрэгжүүлэлтийн төв нь аймгийн харъяанд байх уу, эсвэл спортын байгууллагынхаа харъяанд байх уу гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байгаа бөгөөд үйл ажиллагааг эхлүүлсний дараа аймаг орон нутгийн удирдлагууд шийдвэр гаргах юм байна. Мөн тус төвд ажиллах мэргэжлийн багш нар болоод нэн шаардлагатай нарийн мэргэжлийн засварчид бэлтгэгдсэн. Харин төвийн бүтэц орон тоог аймгийн ИТХ-аар албан ёсоор батлах юм байна.

 

 

Холбоотой мэдээ