Г.Азжаргал: Одоогоор 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болохыг тогтоосон

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-12-12 11:14:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын дэд дарга Г.Азжаргал өнөөдөр нүүрс тээвэрлэлт, олон улсын ачаа тээврийн зөвшөөрөл, төмөр замын барилгын ажлыг гүйцэтгэхдээ бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 7 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна хэмээн мэдээллээ.

Тэрбээр цааш ярихдаа "Мөрдөн байцаалтын 7 хэрэгт 47 объектэд нэгжлэг хийж, 15 хүнийг хойшлуулшгүй журмаар баривчилж, 11 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авснаас өнөөдрийн байдлаар зургааг нь үргэлжлүүлэн хорьж байна. Нийт 30 хүнийг яллагдагчаар татсанаас 7-г нь хахууль авсан гэмт хэрэгт, 16-г нь хахууль өгсөн гэмт хэрэгт, 5-ыг нь албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдалд бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, 2-ыг нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт буруутган яллагдагчаар татсан. Нийт албан тушаалтнууд нь 5,4 тэрбум төгрөгийн хахууль авсан ба нүүрс борлуулалтын тал дээр "Эрдэнэс тавантолгой" ХК 2018-2022 оны 12 дугаар сарын нэгний өдрийг хүртэлх хугацаанд давхардсан тоогоор нүүрс борлуулалтын 633 гэрээ байгуулсан. Худалдан авах ажиллагааны хүрээнд мөн хугацаанд 20 болон түүнээс дээш сая төгрөгийн дүнтэй 500 гаруй бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулж, тендер зарласан" хэмээлээ. 

Холбоотой мэдээ