ӨВӨРХАНГАЙ: Н.Хишигт: Нөөцийн савнаас шатахуун шүүрснээр гүний ус бохирдох эрсдэлтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-05 08:27:58

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн БОАЖГ, ОБГ, ГХБХБГ, Стандартчлал хэмжилзүйн төв хамтран шатахуун түгээх станцуудад шалгалт хийлээ. Энэ үеэр байгаль орчны менежментийг төлөвлөгөө хийгээгүй, сав цэвэрлэгээнээс гарч байгаа аюултай хог хаягдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг бүртгэлжүүлээгүй, хөрсний агаарын дээжийн шинжилгээ аваагүй, металл хийцийн оношилгоо хийгээгүй гэхчлэн зөрчлүүд илэрсний дагуу албан шаардлага хүргүүлээд байна. Үүнтэй холбогдуулан Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Хишигтээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-    Манай аймагт шатахуун түгээх станцуудын хүрээлэн буй орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл хэр түвшинд байна вэ?

-    Миний хувьд шатахуун түгээх станцын аюулгүй байдалтай холбоотой асуудалд 1998 оноос эхлэн хяналт тавьж ирлээ. Тухайн үед аймгийн хэмжээнд 24 шатахуун түгээх станц нөөцийн 50 савтайгаар үйл ажиллагаа явуулж байсан. Одоо 86 ШТС-д 284 нөөцийн сав байгаагийн 24 нь Арвайхээрт байна. Энэ 284 савны 59 нь шинэ, 225 нь хуучин байна. Хуучин сав дотор 70, 80-аад оноос ашиглаж ирсэн сав байгаа. Уг нь нефть хадгалах ган савны ашиглалтын хугацаа 25 жил байдаг. Эхний 10 жилийн ашиглалтаас цааш таван жил тутамд гэмтэл илрүүлэх металл хийцийн оношилгоог хийлгэж байх ёстой.


Олон жил болчихсон нөөцийн савны хана нимгэрдэг, гагнуур нь ханзардаг, үүний улмаас шатахуун хөрсөнд алдагдаж, агаар, хөрс, гүний усыг бохирдуулж хордуулснаар уур амьсгалын өөрчлөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг.


Гэтэл 30, 40 жил болчихсон сав ашиглаад байгаа учраас металл хийцийн оношилгоо хийлгэ гэсэн шаардлагыг байнга тавьж байна. Энэ асуудалд ганц байцаагч биш, холбогдох бүх байгууллагууд анхаарах шаардлагатай байна гэдгийг би олон удаагийн хурлаар хэлж, анхааруулж байгаа. Өнгөрсөн жил ДХИС-иас олон улсын эрдэм шинжилгээний их хурал зохион байгуулахад нь оролцож, илтгэл тавьж олны анхааралд оруулахыг хичээгээд явж байна.



Яагаад тэр үзлэг оношилгоог хийлгэчихэж чаддаггүй юм бол?

-    2013 оноос өмнө шатахуун хадгалах нөөцийн савыг  Орос, Украйны стандартын дагуу хагас далд байрлуулдаг байсан учраас шатахуун шүүрэх юм бол гаднаа мэдэгддэг, арга хэмжээ авах боломжтой байсан. Сүүлийн арваад жилд Канад стандартыг баримталж, газрынхаа гүнд байрлуулдаг болсон. Энэ стандартад нөөцийн сав давхар ханатай байх, металл хийцийн оношилгоог таван жил тутамд хийнэ гэх зүйлүүд тусгагдаж өгсөн байдаг ч газрын гүнд байрлуулсан учраас металл хийцийн оношилгоо хийхэд хүндрэлтэй байх тал бий. Энэ оношилгоог мэргэжлийн байгууллага өөрийн тоног төхөөрөмжөө авчирч хийхээс гадна шатахууныг суллах шаардлагатай болдог.


-        Шатахуун нь газрын хөрсөнд нэвчсэн тохиолдол манай аймагт гарч байв уу?

-        10 гаруй жилийн өмнө сумын нэг ШТС-ын нөөцийн сав шүүрснээс шалтгаалан хоёр тонн гаруй шатахууныг газрын хөрсөнд шингээсэн байсан. Энэ асуудлыг мэдсэн даруйдаа үйл ажиллагааг нь зогсоож, арга хэмжээ авсан.

Улсын хэмжээнд сүлжээ бүхий станцтай том компаниуд өөрсдөө дотоод хяналтын баг ажиллуулж, сав ашиглалт, цэвэрлэгээндээ анхаарал тавьдаг. Харин сумдад ажилладаг ШТС-үүд нөөцийн саваа шүүрч байгаа эсэхийг, шатахууны хорогдол гарч байгааг тогтоож чадахгүй учраас мэргэжлийн байгууллагад хандаж, металл хийцийн оношилгоо хийлгэх шаардлагатай юм. 2017 онд би “НИК” ХХК-тай ярьж төлөвлөгөөнд нь оруулаад Бат-Өлзий, Баян-Өндөр сумын ШТС-ын 18 нөөцийн саванд металл хийцийн оношилгоо хийлгэж байсан. Сүүлийн үед хуурамчаар металл хийцийн оношилгооны бичиг баримтыг бүрдүүлэх асуудал гарч байна.



-         Бас нэг аюулын харанга гэж ойлгож болох нь ээ. Жилээс жилд ШТС-ын тоо нэмэгдэж байна.

-       Нүдэнд ил харагдаж байгаа агаарын бохирдлыг хэн хүнгүй ярьж, шүүмжилж байдаг. Гэтэл нүдэнд харагдахгүй учраас гүнийн усны бохирдлыг ярьдаггүй. Шатахууны нөөцийн савнаас гүнийн усыг хэр хэмжээнд бохирдуулж байгааг гаднаас нь хараад мэдэхгүй шүү дээ. Уг нь нөөцийн сав төдийгүй нефтийн агуулахуудад шатахуун хөрсөнд алдагдаж байгаа эсэхэд хяналт тавих зориулалт бүхий хяналтын цооног байх ёстой. Гэтэл манайд тийм зүйл байдаггүй. 


Тэгэхээр хөрс, гүнийн ус бохирдуулж байгаа эсэхийг металл хийцийн оношилгоор л мэднэ. ШТС-ын сав, шугам хоолойн гагнуурын оёдолд микро цуурхай гарсан тохиолдолд 1 м2 талбай бүхий гагнуурын оёдолд хөлрөлт үүсч байгаа бол сард 60 л алдагдах боломжтой гэж үздэг.


Манай улс гүний усны нөөцөөрөө дэлхийд 22-т бичигдэж байна. Нийт хүн амын 90 хувь нь гүний ус хэрэглэдэг. Усны хяналтгүй хэрэглээтэй, дээр нь бохирдол үүсгэх эрсдэлт хүчин зүйл их байгаад байгаль орчны мэргэжилтэй хүний хувьд сэтгэл эмзэглэж, олон жил ярьж хөөцөлдөж байна. Энэ асуудлыг нийтээрээ анхаарч, аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байгаасай. Хэрэв хөрс, гүний ус бохирдлоо гэхэд тэрийг хэзээ ч цэвэрлэж чадахгүй.

 

Холбоотой мэдээ