ӨВӨРХАНГАЙ: Ерөнхийлөгчийн тэтгэлэгт шалгарсан оюутнууд дүү нартаа зөвлөгөө өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-06 19:18:36

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 2023 онд Өвөрхангай аймгаас 14 оюутан шалгарсан. Тэд нэг жилийн хэлний бэлтгэлд суралцаж байгаа ба ирэх намар дэлхийн топ 14 сургуулиас сонгосон сургуульдаа суралцахаар явна.


Өнөөдөр аймгийн ЗДТГ, Дэлхийн мөрөөдлийн сургууль” НҮТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Дэлхийн монгол иргэн илгээлт-2100 тэтгэлэг” сэдэвт уулзалтыг зохион байгуулж, тэтгэлэгт шалгарсан оюутнууд ахлах ангийн сурагчдад мэдээлэл, зөвлөгөө өглөө. Тухайлбал, “Ийм боломж хүүхэд бүрд байгаа” гэдгийг тэд дүү нартаа хэлж, ЭЕШ болон олон улсын TOFEL, IELTS-ийн шалгалтаа хэрхэн өгөх, өөрийгөө хэрхэн бэлтгэх талаар арга туршлагаа хуваалцсан юм.



“Шинэ Хархорум хот байгуулж байгаатай холбоотойгоор чадварлаг боловсон хүчин, хүний нөөц шаардлагатай болно. Тэрхүү боловсон хүчнийг бэлтгэх ажлыг бид ийнхүү түүчээлж байна” хэмээн “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ-ын нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр хэллээ.


Есөнзүйл сумаас шалгарсан оюутан Д.Номинжин:  

-Би багшаасаа зөвлөгөө аваад шалгалтдаа өөрөө бэлдсэн. Өглөө эрт хичээлдээ очдог, сургалтын цагаа уртасгаж, сурах арга барилаа тодорхойлж нэлээн шамдсан. Ахлах ангиа төгсөж, ШУТИС-д элсээд 9 дүгээр сарын 1-ний өглөө сургуулийнхаа өмнөх гарцаар гараад явж байтал намайг шалгалтад бэлдсэн математикийн багш маань яриад баяр хүргэхээр нь "ШУТИС-д орсонд баяр хүргэж байна" гэж бодоод "баярлалаа багшаа" гэтэл "Миний охин мэдсэн үү, Ерөнхийлөгчийн илгээлтэд тэнцсэн байна" гэж хэлсэн. Тэр үед нэг хэсэг шоконд орсон л доо. Үнэхээр гоё байсан. 


Хархорин сумаас шалгарсан оюутан А.Мичидмаа:  

-Дэлхийн мөрөөдлийн сургууль” ТББ-ын захирал Б.Мөнхдэлгэр эгч Хархоринд ирээд "Брэнд хэрхэн бүтээх вэ" сургалтыг явуулсан. Энэ үеэр Ерөнхийлөгчийн “Илгээлт-2100” хөтөлбөрийн талаар сонсоод шинэ мөрөөдөлтэй болсон. Ангийнхаа мөрөөдлийн салбарт өөрийнхөө зургийг наагаад "Ерөнхийлөгчийн илгээлтэд тэнцэнэ" гэж бичиж байсан. Өдөр болгон тэр мөрөөдлөө харж, хичээх ёстойгоо санаж, 6.00 цагт хичээлдээ ирдэг байлаа.

Мөрөөдөлтэй хүнд өглөө эрт босох асуудалгүй байдаг. Нэг өдөр сургалтын дараа утасны цэнэг дуусчихаад бие засах газрын разеткад утсаа цэнэглэтэл "баяр хүргэе" гэсэн баахан зурвас ирсэн. Учрыг нь олтол Ерөнхийлөгчийн илгээлтэд тэнцсэн байсан. Яг тэр үед над руу том гэрэл тусаад миний дээрээс баахан цэцэг унаж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. 


Холбоотой мэдээ