ӨВӨРХАНГАЙ: Зээлийн батлан даалтын сангийн хангайн бүсийн салбарыг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-04-08 12:18:31

Арвайхээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Зээлийн батлан даалтын сангийн хангайн бүсийн салбарыг Өвөрхангай аймагт нээлээ. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хот, хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд Зээлийн батлан даалтын сан нь орон нутгийн иргэдэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр олгодгоороо онцлог юм.


“Энэ үйл ажиллагаа 2023 оны 10 дугаар сараас эхэлсэн ч өнөөдрийн байдлаар 500 гаруй иргэнийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлээд байна” хэмээн Зээлийн батлан даалтын сангийн хангайн бүс хариуцсан захирал Т.Батзогсох хэллээ.


Харин Өвөрхангай аймагт 2023 оноос хойш 53 иргэн Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээнд хамрагдаад байна.

Зээлийн батлан даалтын сан нь зөвхөн Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж, орон нутгийн иргэдийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан шийдвэрлэдэг байсан бол салбар нэгжийг байгуулснаар иргэд, бизнес эрхлэгчид өөрийн биеэр очиж мэдээлэл, зөвлөгөө авах, зээлийн хүсэлтийг анхан шатанд шуурхай судалж шийдвэрлэх нөхцөл бүрдэж байгаа юм.


Хангайн бүсийн салбар Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид болон орон сууцанд орох иргэдийн зээл авах боломжийг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллана. Тодруулбал, банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн ч барьцаа хөрөнгө дутагдалтай байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд шаардлагатай зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргана. Батлан даалтын олгох хэмжээ нь иргэдэд 150 сая, аж ахуйн нэгжид хоёр тэрбум төгрөг хүртэл байна.


Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон нутгийн иргэдийг орон сууцжуулах зорилтыг хүртээмжтэй хэрэгжүүлэх үүднээс Зээлийн батлан даалтын сангийн зүүн бүсийн салбар нэгжийг Дорнод, төвийн бүсийн салбар нэгжийг Орхон аймагт байгуулж байна.  

 

Холбоотой мэдээ