ГОВЬ-АЛТАЙ: Сул ажлын байрны захиалгын 46,6 хувийг уул уурхайн компаниудын захиалга эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-17 11:45:18

Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар Говь-Алтай аймгийн ХХҮГ-т 48 аж ахуйн нэгж, албан байгууллагын 246 сул ажлын байрны захиалга байгаа бөгөөд 46,6 хувь нь уул уурхайн салбарын компаниудын захиалга байгаа тухай ХХҮГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Х.Энхтайван танилцууллаа. 


Тус аймгийн ХХҮГ байгууллагын үндсэн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор дөрөвдүгээр сарын 16-нд нээлттэй өдөрлөг  зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2024 онд олгох санхүүгийн дэмжлэг, танилцуулга, сул чөлөөтэй ажлын байрны танилцуулга, ажлын байранд зуучлах, нийгмийн халамжийн үйл ажиллагааны энэ оны нэгдүгээр улирлын тайлан, цаашид хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээлэл, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний бүлгийн төслийн танилцуулга хүргэжээ.


Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийг хамгааллын яамнаас 2022 оноос хойш “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд 2023 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас аж ахуй эрхлэгчдийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ногоон ажлын байр, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх зэрэг долоон төсөл, хөтөлбөр, 23 арга хэмжээг хэрэгжүүлсэн аж. Түүнчлэн өмнөх онд аймгийн хэмжээнд 1372 шинэ ажлын байр бий болсон ба 824 иргэнийг ажилд зуучлах үйлчилгээнд хамруулж, дээрх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 1566 иргэнийг хамруулж хөдөлмөр эрхлэх дэмжих сангаас 1,6 тэрбум төгрөг зарцуулсан байна. 


“Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний “Бүлгийн төсөл”-д 2023 онд 52 төсөл ирснээс 26 бүлгийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн төслийг дэмжиж, гэрээ байгуулан нийт 52 сая төгрөгийн санхүүжилт олгоод байна”  хэмээн ХХҮГ-ын захиргаа, хяналтын хэлтсийн дарга С.Байгальмаа мэдээллээ. 


2024 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дөрвөн үйл ажиллагаа өрнүүлэх аж. Тухайлбал, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Ингэхдээ хувиараа хөдөлмөр эрхлэгч, 25-аас дээш насны хөдөлмөрийн насны иргэдэд 10 хүртэлх сая төгрөгийг 36 сарын хугацаатай хүүгүй олгох юм. 


Холбоотой мэдээ