О.Батсайхан: ҮШ Богд бидэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол олгосон гавьяатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-12-28 12:45:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрт зориулан Төрийн шагналт, ШУА-ийн Олон улсын хүрээлэнгийн эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан “Монголын тусгаар тогтнол ба Богд хаан” сэдэвт лекцийг оюутан, сурагчдад уншлаа.

Тэрбээр “Түүхэн бодит үнэн бол Богд гэгээн бидэнд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол олгосон гавьяатай нэгэн юм. Эрх чөлөө тусгаар тогтнол эрхэм гэдгийг улам чухалчлах цаг үе ирсэн” гэдгийг онцлоод “Монголчууд Манж гүрнээс салж, бие даан тусгаар тогтносноо дэлхий дахинд албан ёсоор зарлаж, VIII Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн төрийн их ёслол 1911 оны 12 дугаар сарын 29-нд Хүрээнд болжээ. Тархай бутархай монголчуудыг нэгтгэсэн бурханы шашны тэргүүн VIII Богд Жибзундамба хутагт монголчуудын үндэсний тэмцлийг удирдан манлайлсан түүхэн гавьяатай. Түүнийг эзэн хаанаарр  өргөмжлөхөд хэд хэдэн үндэслэл нөлөөлсөн. Тухайлбал тэрбээр Монголчуудын шашны тэргүүн төдийгүй улс төрийн хамгийн нэр хүндтэй зүтгэлтэн байв. 1895 онд Хүрээнд сууж байсан Оросын ерөнхий консул Шишмарев бичихдээ, “Хэрэв Монголд үндэсний ямар нэгэн хөдөлгөөн гарах аваас түүнийг Богд толгойлоход гайхах хэрэггүй” хэмээн түүний нэр, нөлөөний тухай бичсэн байдаг. Богд Жибзундамба хутагт алсын хараатай, цэгцтэй, няхуур бодлого баримталсны үр дүнд монголчуудын үндэсний тэмцэл амжилттай болж Монголын тусгаар тогтнол, төр улсаа сэргээсэн” гэв.

Энэ үеэр Үндэсний номын сангаас Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярт зориулан “Монголын тусгаар тогтнол ба Богд хаан” гар бичмэл номын үзэсгэлэн, “Богд хаан, Эх дагинын алтан товчит өргөмжлөл”, “Монголын нууц товчоо” үзэсгэлэнг Үнэт, ховор номын музейд дэлгэсэн байлаа.

Ж.Болор
Холбоотой мэдээ