Өвөрхангай цас ихтэй байгаа ч малын хорогдол гараагүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн хэмжээнд нийт нутгийн 90 орчим хувь нь цасан бүрхүүлтэй, цасны зузаан хэсэг 0-20 см байна. Нутгийн зүүн ба урд зүгт цасны зузаан хатуурч, хунгар үүсгэсэн төлөвтэй байгаа ба долоо хоног тутамд хүйтний эрч чангарч, цас орж байгаа юм.
Гэвч малчид зун, намрын отор нүүдлийг сайн хийсний үр дүнд мал дунд болон дундаас дээш тарга хүчтэй намаржиж, өвөлжилттэй золгосон бөгөөд одоогоор малын хорогдол гараагүй байна. Одоогоор тус аймагт 4,5 сая толгой мал өвөлжиж байгаагаас 789 өрхийн 288269 мал өөрийн аймаг дотроо, 171 өрхийн 103207 мал бусад аймгийн нутаг оторлож байна.
Тодруулвал Хөх дэлийн отрын бүс нутагт Баян-Өндөр, Бүрд сумдын 28 өрх айл байгаа бол Өлзийт сумаас 29 өрхийн 31650 мал, Бүрд сумаас 6 өрхийн 7500 мал, Хужирт сумаас 35 өрхийн 17500 мал Баянгол, Зүүнбаян-Улаан, Сант зэрэг сумдад отор нүүдэл хийж байгаа аж. Мөн Сант сумаас 5 өрхийн 400 гаруй адуу Баянгол суманд оторлож байна.
Б.Батчимэг