Хувийн хэвшилд олгох санхүүжилтийг нэмэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг зөвшилцөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайд Б.Жавхлан, холбогдох албаны төлөөлөгчид Филиппин Улсын Манила хотод Азийн хөгжлийн банк (АХБ)-нд хоёрдугаар сарын 27-28-нд албан айлчлал хийж, тус банкны ерөнхийлөгч Масацүгү Асакава, дэд ерөнхийлөгч Ахмед Саеид болон газрын захирлуудтай уулзлаа.
Энэ үеэр Сангийн сайд Монгол Улсын 2022 оны төсөв,
санхүүгийн гүйцэтгэл, тэр дундаа эдийн засаг, төсөвт гарсан эерэг өөрчлөлтүүд, дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөв,
санхүүгийн реформын тухай танилцуулсан
юм. Мөн 2023 оны макро эдийн засгийн төлөв, энэ онд амжилттай хэрэгжүүлсэн
гадаад бондын өрийн зохицуулалт /Сенчири-2/-ын талаар мэдээлэл өгч, тус
банктай хамтран хэрэгжүүлж буй 2021-2024 оны стратегийн хэрэгжилтийн талаар
санал солилцлоо.
Цаашид шинээр боловсруулах, ирэх 4 жилийн хамтын ажиллагааны стратегийн хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого"-ыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, тэр дундаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, энэ чиглэлээр төсөл, үйл ажиллагааны тоог нэмэн АХБ-ны хувийн хэвшилд олгох санхүүжилтийн хэмжээг тэлэх замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хоёр тал зөвшилцлөө.
Тус банкны удирдлага, ажлын хэсгүүд ойрын хугацаанд Монгол Улсад ажлын айлчлал хийж, уулзалтын үеэр ярьсан асуудлуудаар судалгаа эхлүүлэхээр болжээ.