Боомтуудын дэд бүтцэд анхаарснаар тээвэр ложистик бүрэн хөгжинө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боомтуудын нэвтрүүлэх хүчин чадал, дэд бүтцэд анхаарснаар тээвэр ложистикийн салбар бүрэн хөгжих боломжтой. Үүнийг өчигдөр болсон “Ложистик форум-2023”-д оролцогчид хэлж байлаа.
Форумыг зохион байгуулагч “Монложистикс холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Хишигбат хэлэхдээ, эдийн засгийн богино болон дунд хугацааны өсөлтийг тээвэр ложистикийн хөгжилгүйгээр хангах боломжгүй гэдгийг онцолж, энд төмөр замын болон боомтуудын бүтээн байгуулалтыг тээвэр ложистикт бүрэн ашиглах хэрэгтэй гэсэн саналаа тавьсан юм.
Форумыг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нээж үг хэлэхдээ, Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөл нь боомтын сэргэлт юм гэдгийг онцолж, энд тээвэр ложистикийн салбар голлох үүрэгтэйг тодотгов. Эдийн засаг, түүний дэд бүтцийг хөгжүүлж бүтээмжийг дээшлүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол бүрэлдэхүүн хэсэг боомтын сэргэлтийн хүрээнд төр, засаг зорчигч болон ачаа бараа, тээврийг нэвтрүүлэх, хатуу болон зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэх, тэдгээрийн хүчин чадлыг дээшлүүлэх, улмаар экспортыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна гэв.
Өнөөдөр улсын хэмжээнд тээвэр зуучийн салбарт 380 орчим ААН, Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоонд 70 гаруй компани, ААН хамрагдан үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн төлөөлөл уг салбарт тулгарч буй асуудал, түүний гарц шийдлийн талаар хэлэлцсэн юм. Мөн мэргэжилтнүүд импортын болон реэкспортын тээврийг нэн түрүүнд хөгжүүлж ашиглах хэрэгтэй. Ийм боломж гадаад, дотоодын нөхцөл байдлаас үүдэн Монгол Улсад бүрдэж буй талаар хөндсөн юм.
“Ложистик форум-2023”-ыг
“Монложистикс холдинг” групп, Монголын Тээвэр зуучлагдын нэгдсэн холбоо хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.