Хаврын башё тэргүүн бөхчүүдэд халгаатай эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. 2024 оны Харү башё Осака хотноо эхэллээ.
Мэргэжлийн сумогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнээр манлайлуулсан, Монголын 22 сүмоч таван зиндаанд хүч үзэж байна. Барилдааны эхний өдөр дуулиан шуугиантай болсон бөгөөд дээд зиндаанд барилдаж буй дөрвөн монгол бөхөд халгаатай байв.
Тодруулбал, маэгаширагийн 7 дугаарт эрэмбэтэй Тамаваши Б.Мөнх-Оргил Оношод өвдөг шороодсон бол, хаврын башёгийн тэргүүн бөхчүүд болох ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комүсүби Нишикигид, озэки Киришима Б.Лхагвасүрэн комүсүби Абид, озэки Хошёорюү С.Бямбасүрэн маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Үрад тус тус өвдөг шороодлоо.
Ёкозүнаг давж, шуугиан дэгдээсэн Нишикиги “Барилдааны үеэр хэцүү байдалд орсон ч хоёр гараараа аваргын бүснээс сайн атгаж чадсан учир давж чадлаа” гэжээ.
Харин маэгаширагийн 17-д эрэмбэтэй Рога А.Амарсанаа башёг ялалтаар эхлүүлэв.
Тэгвэл жюүрёод барилдаж буй бөхчүүдээс Миторюү Б.Төрболд, Оошома П.Дэлгэрбаяр, Чиёошома Г.Мөнхсайхан нар учраа бөхөө давсан байна.