Парисын олимпын рингэнд өрсөлдөх эрхийг 49 боксчин өвөртөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Италийн Арсизио хотод болсон олимпын эрх олгох 2024 оны эхний тэмцээн өндөрлөлөө.
Уг тэмцээнд 585 сонирхолтой тулаан болж, 13 жинд 49 боксчин Парисыг зорих тийзээ захиаллаа. Уг тэмцээнээс 30 орны боксчин олимпын эрх авсан байна. Тэдгээрээс Узбекистан, Казахстан тус бүр тав, Итали дөрөв, Польш гурван эрх авснаар бусдыгаа тэргүүлэв. Түүнчлэн дүрвэгчдийн багаас эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд нэг тамирчин эрх авсан нь олны анхаарлыг татжээ.
Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 23-нд Тайландын нийслэл Бангкок хотноо болно.
Монголын боксын
шигшээ багийн хувьд Европт хоёр сарын бэлтгэл хийгээд Италид очсон боловч оролцож
чадаагүй. Учир нь, Монголын боксын холбооны ажлын албаныхны хариуцлагагүй байдлаас
үүдэн тэмцээний мэдүүлгээс хоцорчээ. Ингэснээр манай тамирчид зөвхөн Тайландын
тэмцээнд оролцох боломжтой болсон юм.