Морь унаач хүүхдийн бэртэл буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЖил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулбал Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай, хууль, Захиргааны хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болсон нь үр дүнгээ өгч байна.
Олон улсын болоод дотоодын хүүхдийн эрхийн байгууллагууд олон жил хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө ажилласны дүнд олон нийтийн ойлголт хандлага, эрх зүйн орчин ч сайжирсаар байгаа. Ялангуяа жил жилийн цагаан сарын өмнөхөн "тухайн жилийнхээ өнгийг үзэх" гэсэн өвлийн болон хаврын уралдаанаас болж сүүлийн гурван жилийн байдлаар 330-580 хүүхэд хүнд, хөнгөн бэртэл авсан мэдээ бий. Тэгвэл энэ оноос өвлийн уралдааны үеэр хүүхдээр хурдан морь унуулсан тохиолдолд унаач хүүхдийн эрх Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/36 тоот тушаалаар баталсан "Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт"-ын дагуу хамгаалагдана. Дээрх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулбал Хөдөлмөрийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай, хууль, Захиргааны хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм. Үүний үр дүнд мориноос унаж бэртэх хүүхдийн тоо 2011 онтой харьцуулахад мэдэгдэхүйц буурсан сайн мэдээг Хүххдийн төлөө үндэсний газраас өглөө.
Ж.Батсайхан