“Сентерра Гоулд”-ийн хүсэлтээр шүүх хурлыг хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-23 16:40:22

"Ноён"  уулын лицензийг хүчингүй болгох шүүх хурал Нийслэлийн  Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж,  "Сентерра гоулд"-ийн хүсэлтээр дахин хойшиллоо.

Өнөөдрийн шүүх хурлыг шүүгч Н.Сайхантуяа даргалж,   нэхэмжлэгчээр  "Босоо хөх монгол" төрийн бус байгууллага /ТББ/-ын тэргүүн П.Шинжээравдан, “Ноён уулаа аваръя” ТББ-ын тэргүүн О.Цэрэннадмид нар оролцсон байна. Харин хариуцагч талаас Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч н. Баярмагнай, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр н. Солонго, “Сентерра гоулд”-ийн төлөөлөгчөөр н. Хатанбаатар, өмгөөлөгч Р.Мөнхсайхан нар оролцсон юм. Уг хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга, архилогийн хүрээлэнгийн эрдэмтэн Д. Эрдэнэбаатар, Н. Ялалт, биологтич, судлаач доктор Б.Пүрэвсүрэн нар ажиллаж байгаа гэж мэдээллээ. Өнөөдрийн шүүх хурлыг хариуцагч тал буюу “Сентерра Гоулд” ХХК-ийн хүсэлтээр дахин хойшлуулсан гэж “Ноён уулаа аваръя” ТББ-ын тэргүүн О.Цэрэннадмид мэдэгдлээ. Тус компани хилийн зураглалын талаарх лавлагаа авах шаардлагатай гэсэн тайлбар хэлж, шүүх хурлыг дахин хойшлуулжээ. Зүй нь тэрхүү лавлагааг  тус компани лицензээ авахаас өмнө авчихсан байх учиртай бөгөөд шүүх хурлын явцаас харахад “Сентерра Гоулд” ХХК Монгол Улсын хуулийг зөрчиж, зөвшөөрөл авсан нь тодорхой болж байна гэж нэхэмжлэгчид ярилаа.

“Сентерра Гоулд” ХХК Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог Ноён уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Энэхүү лицензийг хүчингүй болгох талаар “Ноён уулаа аваръя” ТББ Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаад байгаа юм. 

Ж.Батсайхан

相关新闻