Амь алдсан циркчдийн осол хурд хэтрүүлснээс болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАСА циркийн урлагийн гурван залуу жүжигчин авто осолд орж, нас барсан хэрэг өнгөрсөн баасан гаригт гарсан. Булган аймгийн Рашаант сумын нутаг, Тээг толгой гэх газарт гарсан уг ослын шалтгааныг "Тухайн үед циркчдийн сууж явсан машин хурд хэтрүүлсэн, түүнчлэн “Daewoo” маркийн хүнд даацын ачааны машины жолооч тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн үед замаа гүйцэд чөлөөлөөгүй, ослын зогсолтын тэмдгээ байрлуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй зэргээс болсон" гэж хэргийн газрын үзлэг хийсэн шинжээчид тогтоожээ.
Дээрх ослын улмаас алиалагч Н.Баасанжаргал, илбэчин М.Гантулга, жонглёрчин Б.Идэр нар эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай явдал болсон.
Циркийн жүжигчид "Toyota Estima” маркийн автомашинтай хурдаа тохируулаагүй явсны улмаас гэрлийн гялбаанд орж, зам дээр зогсож байсан хүнд даацын ачааны машины араас мөргөсөн байна. Улмаар эсрэг урсгал руу шидэгдэн, “Lexus-570” маркийн автомашиныг мөргөж осолджээ. Холбогдох байгууллагууд ослын шалтгаан, нөхцлийг үргэлжлүүлэн шалгаж, ослын цэгүүдэд судалгаа хийж байгаа. Яг ийм төрлийн осол орон нутгийн замд, жолооч нар хурд хэтрүүлж явснаас гарах болсныг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.
Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Энхболд “Тухайн машин хурдаа тохируулж явсан бол хүнд даацын машиныг мөргөхгүйгээр зогсоох боломжтой байсан. Ер нь орон нутгийн замд хурд хэтрүүлснээс гэнэт огцом эргэлтийн үед радиусаа алдаж замын хажуу руу унах осол буурахгүй байна. Улсын хэмжээнд осол их гардаг хэд хэдэн "хар цэг" бий. Тухайлбал, Дарханы Цайдамын хөндий, Төв аймгийн Баянгийн зам, Сэлэнгэ аймгийн нутаг, Урьханы тойрог зэрэг зам бий. Замын цагдаагийн албанаас энэ онд орон нутгийн Засаг даргын тамгын газар, Мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран осол их гардаг замуудад судалгаа хийж эхэлжээ. Осол болох шалтгаан, замын нөхцөл байдал гэх мэтчилэн судалгааг хийж, орон нутгийн удирдлагуудтай хамтран замын нөхцлийг сайжруулах ажлыг хийнэ" гэлээ.
Ж.Батсайхан