Хөрөнгө орлого мэдүүлэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-02-15 18:34:15

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар боллоо.

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор албан тушаалтнууд хөрөнгө орлогоо мэдүүлдэг.

Энэ онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 39.600 орчим албан тушаалтан бий. Энэ сарын 8-ны өдрийн 9 цагийн байдлаар 29.156  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ “meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн байна.

Харин АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 291 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 285 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргасан байх юм.

АТГ-аас хөрөнгө орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажлын өдрүүдэд уртасгасан цагаар, амралтын өдрүүдэд 10-17 цагийн хооронд ажилласан аж.

Б.Туул

相关新闻