ХЗДХ-ийн сайд  С.Бямбацогт салбарынхантайгаа  уулзсаар явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-16 11:42:40

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт баруун  аймгуудаар аялж ажиллаж яваа. Тэрбээр өчигдөр Ховдод ажиллахдаа тус аймгийн хууль, хүчний байгууллагынхантай  нэгдсэн уулзалт хийж, салбарынхаа албан хаагчдын санаа  бодлыг сонслоо.

Намрын чуулганаар хэлэлцэн баталсан онцлох хуулиудын талаар мэдээлэл өгч, ажил үйлсээрээ манлайлсан нэр бүхий хүмүүст салбарын шагнал гардуулсан байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны Хүндэт жуух бичгээр Б.Дагвадорж, Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын Тэргүүний ажилтнаар Д.Цэцэгмаа, “Цагдаагийн алдар”-аар А.Тойлбай, Улсын бүртгэлийн тэргүүний ажилтнаар П.Алтанцэцэг нарыг  шагнажээ. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт  “Хуулийн байгууллагын үйл ажиллагаа ил  тод, нээлттэй, иргэндээ чирэгдэлгүй, ялгаваргүй, тэгш шударгаар үйлчилдэг байхад бидний үйл ажиллагаа чиглэгдэх учиртай.  Намрын чуулганаар ХЗДХЯ олон  хуулийн төслийг хэлэлцүүлж, батлууллаа” гэдгээ онцолж, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль",  "Хилийн тухай хууль", "Цагдаагийн албаны тухай хууль" зэргийг тайлбарлажээ. Мөн ирэх хаврын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах  тухай, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Зөрчил  шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх тул эдгээр хуулиудтай салбарын албан хаагчдыг танилцаж, тодорхой зохицуулалтууд дээр хэр оновчтой болсон, алдаа мадаг байгаа эсэхийг нягталж саналаа  өгөхийг хүслээ гэж ХЗДХЯ-наас мэдээллээ.

Ж.Батсайхан

相关新闻