Хүүхэд барьцаалсан хэрэгтэнд долоон жилийн ял оноов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬНийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд өнөөдөр хүүхэд барьцаалсан хэрэгтнийг шүүх хурал боллоо.
Шүүгдэгч Б.Мөнхбаяр насанд хүрээгүй хүүхдэд хутга тулган, ааваас нь 80 сая төгрөг нэхэмжилсэн хэрэгт холбогдсон юм. Тэрбээр өнгөрсөн оны 10 дугаар сард насанд хүрээгүй Б хэмээх хүүг барьцаалахдаа хүүгийн хоолойд хутга тулган, аав руу нь утасдаж, 80 сая төгрөг нэхжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгасны дагуу тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 112-т зүйл ангиар “Шунахайн сэдлээр, хохирогчийн биед заналхийлж, зэвсгийн чанартай зүйл ашиглан бага насны хүүхэд барьцаалсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Түүнийг шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болж Б.Мөнхбаярыг чанга дэглэмтэй хорих ангид долоон жил хорих ял оноожээ.
Ж.Батсайхан