Замын цагдаа нарыг бөөрний шинжилгээнд хамруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар/МОНЦАМЭ/. “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр “Grandmed” эмнэлгийн хамт олон өвлийн хахир хүйтэн, зуны халуун нар, хаврын хавсарга салхи, шороон шуурга, аадар бороо, байгалийн ямар ч үзэгдлийн үед замын голд зогсон ажил үүргээ гүйцэтгэж байдаг Замын цагдаагийн алба хаагчдыг төлөөлүүлэн Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 56 алба хаагчийг үнэ төлбөргүй үзлэг, оношлогоонд хамрууллаа.
Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гаригт “Бөөр хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Анх 2006 онд Монгол улсад Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байна. Энэ өдрийг тохиолдуулан дээрх арга хэмжээг зохион байгуулж замын цагдаагийн алба хаагчид бөөр болон эхо, дотор, зүрхний бичлэг зэрэг бусад холбогдох үзлэг, оношлогоонд хамрууллаа гэж ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ж.Батсайхан