Төрийн албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/.Өнөөдөр төрийн албаны удирдах ажилтнуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнтэй уулзалтыг АТГ-аас зохион байгууллаа.
УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, яамдын төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, яамдын төрийн захиргаа удирдлагын газрын дарга нар, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга нар энэ уулзалтад оролцлоо.АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал “Авлигатай тэмцэх ажилд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо чухал. Төрийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах талаараа бид энэ уулзалтаараа ярьж байна. Цаашдаа бид авлигажсан, хүнд сурталтай төрийн үйлчилгээг иргэд авч тэвчдэггүй байх үзлийг төлөвшүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, сургах, авлигын эсрэг боловсрол олгоход анхаарлаа хандуулж ажиллана. Өөрөөр хэлбэл, онол, ярьж, олон нийтийг “авлига”-аар сүрдүүлэх биш амьдралд нийцсэн, монгол хөрсөнд бодитой буух бодлогоор авлигатай тэмцэх ёстой гэж үзэж байна” гэдгийг онцолсон байна. Уулзалтын үеэр гуравдугаар сарын 13-аас эхлэх АТГ-аас яам, агентлаг, нийслэл дүүргийн төр захиргааны байгууллагуудад ажиллах удирдамжийг танилцуулж, гардуулан өглөө. Удирдамжид, Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр танилцах, тухайн байгууллагатай холбоотой санал гомдлыг иргэдээс авах, авлигын эрсдэлийн үнэлгээг хийх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг таниулах, сургалт зохион байгуулах арга зүйн зөвлөгөө өгөх, Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах ажил багтсан байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд яам, агентлагийн дэргэд болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэд Авлигаас сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл байгуулагдан ажиллах ёстой бөгөөд энэ зөвлөл нь авлигатай тэмцэх ажилд иргэдийн оролцоо хяналтыг бий болгоход чухал үүрэгтэй гэдгийг Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэллээ гэж АТГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан