"Эх орны цэрэг" яруу найргийн наадамд байлдагч түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/. 1989 оноос эхлэн зохион байгуулагдсан “Эх орны цэрэг” яруу найргийн наадам өчигдөр 25 дахь удаагаа амжилттай, бас их сонирхолтой боллоо.
Өнөө жилийн наадамд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагчдаас гадна ЗХЖШ, ҮБХИС, Зэвсэгт хүчний 17 ангийн цэрэг, хилийн цэргийн ахмад дайчин зэрэг 40 гаруй яруу найрагч эхний даваанд шүлгээ уралдуулав.Тэмцээнийг ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нээж хэлэхдээ " Энэхүү яруу найргийн наадам нь цэрэг, эх орны сэдэвт шилдэг бүтээлийг олны хүртээл болгох, өв санг баяжуулах, цэргийн албан хаагч, иргэд, хүүхэд залуучуудад эх орныхоо тусгаар тогтнол, түүх соёл, төрөлх эх орноороо бахархах сэтгэлийг суулгаж, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохиож байна" гэж онцоллоо. Эх орон, эцэг дээдэс, энхийг сахиулагчид, эгэл цэргийг магтсан шүлгэн хүлгүүдийн дундаас Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн байлдагч Г.Ган-Эрдэнэ гурван давааг дараалан өнгөлсөөр Тэргүүн байрын шагнал хүртэж, үзэгч олноон ч, ангийн цэрэг дайчдаа ч шуугиулсан юм.
Наадмын Ерөнхий шүүгч Монгол улсын Ардын уран зохиолч Т.Галсан “Нэгэнтээ Б.Түвдэндорж аварга торгон ногоон дэвжээнээ ир бяраа гайхуулан тодорч байсан шиг энэ жил Зэвсэгт хүчний байлдагч найргийн томчуулыг магнайлан шалгарлаа...” гэж үнэлэв. Наадмын дэд байрын шагналыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч М.Амархүү, гуравдугаар байрыг Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, дэд хурандаа П.Батнайрамдал эзэлж өргөмжлөл хүртэв. Тусгай байрын шагналыг Хөвсгөл аймгийн Ханхаас ирсэн, эмэгтэй яруу найрагч Л.Туяа хүртсэн нь бас нэгэн шинэ өнгө донжийг бий болгов. Найргийн наадмыг МУСГЗ, яруу найрагч Б.Хүрэлбаатар, БХ-ын сайдын хэвлэлийн төлөөлөгч Б.Батцэцэг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Гүнтэвсүрэн, ЗХЖШ-ийн Цэрэг иргэний хэлтсийн дарга, хурандаа Б. Төмөрхуя нар шүүсэн. Ийнхүү цэрэг эх орны яруу найргийн наадам "Болор цом"-оос өвөрмөц, битүү шинэ найрагчид тодрон гарсан нь шударга шүүлттэй болсных гэж үзэгчид үнэлж байлаа.
Ж.Батсайхан