Хар тамхи хэрэглэгчдийн 79 хувийг 18-34 насны залуус эзэлдэг гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-03 17:52:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас өнгөрсөн сарын 07-нд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн болон ТББ-уудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор өнөөдөр Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА)-наас “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд ТББ-уудын оролцоо” хэлэлцүүлэг зохион байгуулав.

Монгол Улсад хар тамхины хэрэглээ тогтмол өсч, Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв. Тухайлбал, 2007 онд 24 иргэн хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэсэн, борлуулсан хэрэгт холбогдож байсан бол өнгөрсөн онд 224 болж нэмэгджээ. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн 40.9 хувийг санхүүгийн боломжтой айлын эрхэлсэн тодорхой ажилгүй залуус эсхүл хувиараа хөдөлмөр эрхлэгчид эзэлдэг гэдгийг ЭЦА-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч С.Ариунболор дурьдав.

Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг иргэдийн тоог нарийвчлан гаргаагүй байгаа аж. ХЗДХЯ болон холбогдох байгууллагуудаас 70-90 мянган хэрэглэгч байдаг гэсэн судалгаа гаргажээ. Хэрэглэгчдийн дийлэнхийг буюу 79 орчим хувийг 18-34 насны эрэгтэйчүүд эзэлдэг байна. Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эрэлт, тээвэрлэлт, борлуулалттай тэмцэхийн тулд иргэдэд нэн тэргүүнд зөв мэдлэг, мэдээлэл хүргэх шаардлагатай гэдгийг “Зөв мэдлэг Гэрэлт ирээдүй” ТББ-ын тэргүүн Б.Түмэнбаяр онцлов.

Хар тамхи хэрэглэдэг 70-90 мянган иргэн байгаа нь Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц тоон үзүүлэлт гэдгийг Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн захирал Ш.Лхагвасүрэн хэллээ. Тэрбээр, “Бидний явуулсан судалгаагаар нэг хүн хамгийн багадаа найман төрлийн хар тамхи хэрэглэдэг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хэргэлэгчид зөвхөн нэг төрлийн бодисоор дагнах бус өөрт олдсоноо л хэрэглэж байгаа юм. Энэ нь тэдний эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулна. Түүнчлэн зүү, тариураар дамжуулан бэлгийн замын халдварт өвчин авах, үргүйдэх, ургийн гажиг үүсэх зэргээр олон асуудал гардаг тул цөөн хүн амтай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй” гэлээ.

Хар тамхинд донтсон иргэдэд “Хэрэв эмнэлэгт хандвал намайг барьж хорино” гэсэн айдас байдгаас үүдэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаггүй байна. Гэвч хар тамхинд донтсон хүнийг гэмт хэрэгтэн бус өвчтөн гэж үздэг тул баривчилахгүйгээр эрүүл мэндийн тусламж болоод сэтгэл заслын эмчилгээнд хамруулдаг хэмээн Хорт зуршлаас сэргийлэх нийгэмлэгийн тэргүүн С.Мөнхтуяа хэллээ. Мөн тэрбээр Монгол Улс ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу бие мах бодийн болон сэтгэл заслын эмчилгээ явуулж байгаа. Тиймээс иргэд нийслэл болон 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн салбарт хандаж, тусламж авах боломжтой гэв.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻