Нийслэлийн прокуророос зарим хэргийг шүүхэд шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-04-06 15:04:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн прокурорын газраас мөрдөн байцаалтын өндөр хугацаатай, зарим удаашран шалгагдсан хэргүүдийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэв.

 Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгасан "Яллагдагч У нар нь 2014-2015 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлож, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан” гэх хэрэгт 2017 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ. Мөн Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгасан "Яллагдагч З нар нь бүлэглэн 2010-2015 онд давтан үйлдлээр хуурч мэхлэн хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлэн, О нарын эмзэг байдлыг далимдуулан биеийг нь үнэлүүлж бусдад худалдсан, биеэ үнэлэхэд зуучлахыг байнга зохион байгуулсан” гэх хэрэгт 2017 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2.1, 113.2.3, 113.2.11, 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Ж.Батсайхан

相关新闻