Онцгой байдлын алба эрэлч нохойтой болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас эрэн хайх, аврах үйл ажиллагаанд нохойг ашиглах, сургаж дадлагажуулах, нохойн сургагч, хөтлөгчийг бэлтгэх ажлыг эхлүүлжээ.
Засгийн газрын өнгөрсөн оны 282 дугаар тогтоолд ОБЕГ-ын харьяа Нохойн алба байгуулах заалт орсон бөгөөд 2017 оны улсын төсөвт зардал нь туссан байна.
Мөн Монгол Улс 2018 онд дунд түвшний олон улсын аврах багтай болохоор ажиллаж байгаа. Олон улсын аврах багтай болох гол шалгуурт ч эрэлч нохойн албатай байх ёстойг тусгасан.
Эрэлч нохойн албатай болсноор онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, аврагч нарын аюулгүй байдлыг хангах, эрэн хайх ажиллагааг шуурхай явуулах, эрлийн ажиллагаанд ашигладаг өндөр өртөг бүхий тоног төхөөрөмжийн зардлыг хэмнэх, цаг хугацаа хожих зэрэг давуу талтай аж.
Б.Туул