Зөөврийн ажлын байртай болсноор хяналт тавих боломж бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2017-05-06 11:14:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /Тика/-ийн Улаанбаатар хот дахь зохицуулалтын газраас МХБ-ын Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ажлын байрны нөхцлийг сайжруулах, малын халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор өчигдөр зөөврийн ажлын байр, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Хөдөө орон нутагт малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчин гарч мал, амьтны шилжилт хөдөлгөөн, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр дамжин нийслэл хотод өвчний халдвар тархах, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд болзошгүй эрсдэл үүсэх магадлал өндөр. Одоогийн авто тээврийн товчоод нь албан ажлын хэрэгцээ, олон улсын шаардлагад хангасан явуулын ажлын байргүй, дулаан хувцас тоног төхөөрөмж, зөрчилтэй тээврийн хэрэгслийг саатуулах хашаа, камер, хөдөлгөөнт зөөврийн  байргүй, газар дээр нь шинжилгээ хийх боломжгүй аж.

Харин уг төсөл хэрэгжсэнээр ажлын байрны орчин нөхцөл сайжирч, 24 цагийн хяналт шалгалтыг чанартай хийж гүйцэтгэх, нийслэл рүү хөдөө орон нутгаас мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд халдварт өвчин тархах эрсдлийг бууруулах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Мөн мал амьтны шилжилт хөдөлгөөн, хорио цээрт бүсээс ирсэн мал, амьтан, бусад зөрчилтэй тээврийн хэрэгсэл саатуулагдсан тохиолдолд газар дээр нь очин байрлаж, хяналт тавин ажиллах боломжтой болох аж. 

Уг арга хэмжээнд МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  М.Ахмет Язал,ТИКА-гийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйя болон бусад албаныхан оролцов.
Ж.Болор
相关新闻