Ил задгай бие зассан гадны хоёр иргэнд хариуцлага тооцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ Олон улсын автомашингүй өдрөөр хотын төв талбайн орчимд гадаадын хоёр иргэн ил задгай бие засч, үл хүндэтгэсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгасан байна.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд дээрх зөрчил гаргасан этгээдүүдийг эрэн сурвалжилж хаягаар нь тогтоон захиргааны хэрэг бүртгэлт хийж шүүхэд шилжүүлжээ.
Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу зөрчил гаргасан гадаадын иргэн тус бүрийг нь 15 000 төгрөгөөр торгох шийтгэлийг шүүхээс ногдуулжээ.
Зөрчилд холбогдсон гадаадын нэр бүхий иргэд мэдүүлэхдээ "Тэр өдөр "Улаанбаатар марафон 2017" олон улсын гүйлтын тэмцээнд оролцохоор Сүхбаатарын талбайд өглөө эрт ирсэн. Хэлмэрчгүй явсан тул ойроос бие засах газар олоогүй. Бид өөрсдийн гаргасан үйлдэлдээ гэмшиж Монгол Улсын иргэдээс уучлалт хүсч байгааг цагдаагийн байгууллага уламжилж өгнө үү" гэжээ.
Энэ зөрчил нь ганц гадаадын иргэнд ч бус нийслэлийн иргэн бүрт хамаатай бөгөөд цаашид ийм зүй бус зөрчлийг арилгах, нийтийн бие засах газрыг олшруулах, үйлчилгээг тогтмолжуулах байгааг албаныхан хэллээ.
Ж.Батсайхан