Италийн шүүхийн төлөөлөгчид монголд айлчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-05-24 11:14:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Бүгд найрамдах Итали улс /БНИУ/-ын Шүүхийн дээд зөвлөлийн төлөөлөгчид энэ сарын 19-24-ний өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийж байна.

Энэ удаагийн албан айлчлалаар төлөөлөгчид Монгол Улсын шүүхийн үйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох зорилготой аж. Айлчлалын бүрэлдэхүүнд БНИУ-ын Шүүхийн дээд зөвлөлийн гишүүн болон Ес дэх хорооны Дэд ерөнхийлөгч Лусио Асчиттино, Шүүхийн дээд зөвлөлийн гишүүн болон Ес дэх хорооны гишүүн Росарио Спина, Ес дэх хороо хариуцсан шүүгч Мариа Силвиа Гиорги нар багтаж байгаа юм.  

БНИУ-ын Шүүхийн дээд зөвлөлийн төлөөлөгчид  22-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзлаа. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, байгууллагынхаа үйл ажиллагаа, түүхэн хөгжлийн талаар танилцуулсан юм. Мөн хоёр талын хамтын ажиллагааны санамж бичигт тусгасан ажлууд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. БНИУ-ын Шүүхийн Дээд Зөвлөлийн гишүүн болон Ес дэх хорооны Дэд ерөнхийлөгч Лусио Асчиттино хариу талархал илэрхийлээд айлчлалын бүрэлдэхүүнээ танилцууллаа.

БНИУ-ын Шүүхийн дээд зөвлөл нь гадаад улс орны ижил төстэй байгууллагуудын шүүхийн шинэтгэлийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас сайн туршлага судлан хэвшүүлэх боломжийг эрэлхийлэн хайх үүднээс Шүүхийн Ес дэх хороог байгуулжээ.
Тус хороо нь Шүүхийн дээд зөвлөлийн гадаад харилцааг хамаардаг байна.

Ж.Батсайхан



 

相关新闻